Амны хаалтаа тайлах болоогүй, монголчууд аа


2020-03-24 14:17:47

Италид даваа гарагт 601 хүн нас барж, нийт эндэгдлийн тоо 6077 болов. Тус улсын Бергамо хотын цогцос чандарлах байгууллага ачааллаа дийлэхээ больж, зэргэлдээ мужуудаас тусламж хүссэн нь бий. Цогцос ачсан машин өдөрт хэдэн арваараа гудамжинд дараалал үүсгэж, эрчимт эмчилгээний ор нүдний гэм болсон гээд тус улсад нөхцөл байдал хүнд байна. Мөн эмч нар ачааллаа дийлэхгүй цэргийн хүчийг дайчилсан. Эмнэлгийн орны хүрэлцээ муу байсны зэрэгцээ Хорватад 5,4 балл хүчтэй газар хөдөлсөний улмаас эмнэлэг нурж өвчтөнүүд гадаа эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж эхэлжээ.

Ганц Италид гэлтгүй дэлхийн олон оронд эмнэлгийн орны хүрэлцээ хомсдож, тэр бүү хэл, эм, эмнэлгийн хэрэгсэл, амны хаалтны хомсдолд орж эхэлсэн. Европын хоёр дахь том тахлын төв Испани улсад ч байдал өдөр ирэх тусам улам хүндэрч байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Испанид 462 хүн коронавирусийн халдвараар нас барсан нь тахлын дэгдэлт эхэлснээс хойш хамгийн өндөр тоо боллоо. Архаг хууч өвчтэй хүмүүсийн нас баралтын тоо их байгаа бөгөөд өвчтөний амийг аврах баталгаа өгч чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Хэдийгээр тус улс Европын орнуудыг бодвол хамгийн хатуу хөл хорио тогтоосон ч өвчлөл буурсангүй. Цаашдаа нас барагсдын тоо улам нэмэгдэх магадлалтай тул иргэдээ сэтгэл зүйгээ бэлдэхийг ч тус улсын Ерөнхий сайд анхааруулсан байна.

Германд коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 17 хувиар нэмэгдэж, 29000 орчимд хүрэв. Халдварын улмаас 119 хүн нас барсан тухай ХБНГУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ.

Хятад улс тархалтыг хязгаарлаж чадсанаа дэлхий нийтэд зарлаж байсан ч гаднаас зөөвөрлөгдөн ирэх тохиолдол нэмэгдсэн. Улмаар БНСУ-д ч халдварын тохиолдол нэмэгдэж эхэлсэнээр Азид хоёр дахь давалгаа явагдаж мэдэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулаад байгаа. Хятадын эх газарт гадаад орнуудаас “импортлогдсон” халдварын тохиолдол 314 болж нэмэгдсэн нь үүнийг улам баталгаажуулна.

Өмнөд Солонгос улсад даваа гарагт 64 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрөгч хоёрдугаар сарын 29-ний өдөр (909 тохиолдол) оргилдоо хүрснээс хойш хамгийн цөөн тохиолдол болж байна. Нэгдсэн дүнгээр Өмнөд Солонгост илэрсэн нийт халдварын тохиолдол 8,961 болжээ. Өчигдөр халдвар тээгч нэг хүн нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 110 хүрсэн байна. Тус улсад өвчтөнүүдийг хэвтүүлэх эмнэлэг, ор хүрэлцээгүй байгаа тул хөнгөн шинж тэмдэгтэй  өвчтөнүүдийг  гэрт  нь тусгаарлаж зайнаас эмчийн хяналт тавьж байна.

Өнөөдөрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 195 оронд бүртгэгдэж, 381.293 хүнд халдварлаад байна. 16 мянга гаруй хүн нас баржээ. Эрүүл мэндийн үйлчилгээгээрээ тэргүүлэх улс орнууд ч барьц алдаж, өдгөө нутгийн иргэдээ ангилан амийг нь аврах эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Монгол Улсын хувьд халдварын 10 тохиолдол бүртгэгдсэн, эндэгдэлгүй хэмээн бүртгэгдсэн. Эрүүл мэндийн байгууллагаас амны хаалтаа тогтмол зүүж, хувийн ариун цэврээ сайтар сахихыг улиг болтол давтан өдөр бүр сэрэмжлүүлж байна. Харамсалтай нь, Монголын хууль 3 хоног гэгчээр нэгэн үе зөвлөмжийг сайтар сахиж байсан бол өдгөө амны хаалттай хүн ч ховордож эхэллээ. Гадаа дулаарсан ч хувцасаа нимгэлэхгүй байж, дархлаагаа дэмжих нь чухал болохыг мөн л Эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж, сургууль, цэцэрлэгийн карантиний хугацааг ч сунгав.

Гэвч энэ нь зарим хүний хувьд амралт мэт ойлгогдсон бололтой. Хүүхдүүдээ дагуулан хотын төв, дэлгүүрээр сэлгүүцэх байдал эрс нэмэгдэх нь тэр. Ёстой л тэнэгийн дотор уужуу гэгчээр аяглах нь өдөр ирэх тусам нэмэгдэх хандлагатай. Хүүхдийн тоглоомын талбай, сагсны шийд тэр чигтээ хүүхэд, залуусын бөөгнөрөлд “автав”. Тэнд амны хаалттай нь тун цөөн. Хажууханд нь нялх хүүхдээ салхилуулсан эцэг эхчүүд ч олон.

Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр анхны тохиолдол бүртгэгдэхэд хэрхэн сандралдаж хоол хүнсээ цуглуулж байлаа. Өдгөө нөхцөл байдал өөрчлөгдөж, өвчний аюул нэгэнт өнгөрсөн мэт авирлаж байна. Ганц хүний хайхрамжгүй, хэнэггүй зан ямар уршигтайг хэд хэдэн орны жишээнээс харж болно. Тийм атал анхаарал болгоомжоо сулруулж, амны хаалтаа авч, хувийн ариун цэврээ хойш тавих болоогүй байна.

Хэдийгээр Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам эрсдэлт нөхцөл байдалд бэлэн байх бэлтгэлээ хангаж, нөөцөө бүрдүүлсэн ч халдвар нэг л хяналтаас гарвал гэрлийн хурдаар тархдгийг дэлхийн олон улс орны өнөөгийн нөхцөл байдлаас харж болно. Бэлэн байдлаа хангасан хэмээн мэдэгдэж байсан улс орнууд ч өдгөө халдварын өмнө хүчин мөхөсдөж, толгой гудайлган, нулимс дуслуулж байна. АНУ гэхэд хамгаалах хувцасны хомсдолд орж, амны хаалтны эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна.

Иймд аливаа зүйлд ам гарч, бардамнахын оронд дор бүрнээ ухамсартай байцгаая. Монголд ч ийм байдал нүүрлэхгүй гэх баталгаа байхгүй.

Иргэд амны хаалтаа авч, хувцасаа нимгэлж, анхаарлаа сулруулмагц томуу, томуу тест өвчний тохиолдол нэмэгдэв. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэрийн өгсөн мэдээллээр томуу, томуу төст өвчнөөр нийт 1647 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 333 хүүхэд байгаа юм. Энэ нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад томуу, томуу төст өвчин нэмэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулсан юм. Иймд эцэг эхчүүд өөрийгөө болон хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг тухай бүрт нь ягштал биелүүлэхийг анхааруулж байна. Ингэснээр аюулт өвчнийг эрсдэл багатайгаар хамтдаа туулж гарах юм. Хүн бүрийн хүчин чармайлтаас энэ улсын ирээдүй хамаарна гэдгийг эрх биш ухаарах байлтай.