Я.Буянжаргал: Халдвар Монгол Улсад тархах магадлал өндөр байна гэсэн үнэлгээ гарсан


2020-03-27 12:50:21

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Тусгаарлан ажиглах байранд нийтдээ 3633 иргэнийг тусгаарлан ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар 2216 иргэн тусгаарлах байранд байна. Баян-Өлгий аймагт нэг, Дархан-Уул аймагт 34, Баянбуурлын амралтанд 149 иргэн тусгаарлагдсан байна. Эдгээр иргэд Алтанбулагийн боомтоор орж ирсэн. Төмөр замын галт тэргээр  11 эм эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаад, иргэдийн халууныг үзэж, асуумж авч ажиллаж байна. УОК-ын хурлаар тусгаарлах хугацааг 21 хүртэлх хоногоор сунгасан. Тусгаарлах байранд аль болохоор ганцаарчлах нөхцөлөөр шийдвэрлэсэн.

Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдэд шинжилгээнд хамруулах, сөрөг тохиолдолд онгоцонд зорчуулах, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн иргэдийг онгоцоор зорчуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Онгоцонд суусан иргэд нэг удаагийн бээлий болон амны хаалттай байх, хоорондоо ярихгүй байх хэрэгтэй. Зорчигчдын халууныг хоёр цаг тутамд шалгахаар болсон. Бид тусгай үүргийн онгоцонд явах эмч эмнэлгийн мэргэжилтнүүд, түргэвчилсэн оношлуурын бэлэн байдлыг хангасан. Халдвар Монгол Улсад тархах магадлал өндөр байна гэсэн үнэлгээ гарсан.

ДЭМБ-аас гаргасан сэжигтэй тохиолдлын тодорхойлолт өөрчлөгдөж 16 хоног болсон. Тиймээс өвчтэй хүнтэй нэг метрийн зайнд харьцсан хүмүүсийг сэжигтэй гэж үзэж, тусгаарласан. Халдвар Монгол Улсад тархах өндөр эрсдэлтэй. Халдварын нууц үеийн хугацааг 14 хоног гэж ДЭМБ-аас үзэж байна. Халдварын нууц үеийн дээд хугацаа 15-28 хоног гэж судлаачид үзсэн учраас тусгаарлах хугацааг 21 хоног болгон өөрчиллөө. Европын орнуудад 30 гаруй хувь нь шинж тэмдэггүй халдвартай өвчтөнүүдээс халдвар авсан байх магадлалтай байна.

Өвчлөлийн 38 хувь 20-54 насны иргэд байна. Тиймээс бид иргэдийг халдварын шинж тэмдэг илэрвэл маск зүүж, гараа угаан эмнэлэг рүү холбогдож тусламж үйлчилгээ 9 иргэавах хэрэгтэй.БНХАУ-ын Эрүүл мэндийн Үндэсний хороотой хамтран уламжлалт анагаах ухаанаар хэрхэн эмчлэх талаар өнөөдөр туршлага солилцох хурлыг зохион байгуулна. Өчигдөр УИХ-ын нэг гишүүн твиттер дээр коронавирусийн халдварт 300 тэрбум зарцуулжээ гэсэн ташаа мэдээлэл цацсан. Тэгээд ташаа мэдээлэл гэдгээ мэдээд зассан байгаа. Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ ил тод хүргэж байгаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Токио-УБ онгоцоор ирсэн 96 зорчигчоос сөрөг хариу гарсан. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 71 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Берлин-УБ, Сөүл-УБ, Берлин-УБ онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээг үе шаттай зохион байгуулж байна. Гуравдугаар сарын 25-нд тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол сөрөг гарсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 208 хүн тусгаарлагдаж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа нь сайн мэдээ юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү