Халдварын улмаас ой хүрээгүй хүүхдүүд эндэж байна


2020-03-29 12:43:33

Дэлхийн бусад оронд коронавирусийн халдвар ямар түвшинд байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа. Тэрбээр  "АНУ-д халдвар эрчимтэй тархаж байна. Нийт нас барсан хүний тоо 2000-д хүрсэн байна. Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-д нас баралт 1000-д хүрч байсан бол 2 хоногийн дараа буюу бямба гарагийн үдэш гэхэд нас барсан хүний тоо 2000-д хүрсэн байна.

Халдвар анх голомтлон тархсан БНХАУ-ын Хубай мужийн нийслэл Ухань хотод тогтоосон хатуу хөл хориог аажмаар, дэс дараалалтай цуцалж эхэлж байна. Өнгөрсөн баасан гарагийн үдшээс замын хөдөлгөөнийг сэргээсэн, мөн бямба гарагаас метро, болон төмөр замын хөдөлгөөнийг нээж Ухань хотод иргэдийг нэвтрүүлж эхэлсэн байна. Тус хотод нэвтэрч орж байгаа бүх иргэд өөрийгөө эрүүл гэдгийг гар утасны аппликейшнаар нотлон харуулж байж орж байна.

Хэдийгээр иргэдийг Ухань хот руу нэвтрүүлж эхэлсэн ч гарах хөдөлгөөнийг хориглосон хэвээр байна. 4 сарын 8-наас эхлэн дотоодын нислэгийг нээхээр төлөвлөж байна гэж мэдэгдсэн байна. 11 сая гаруй оршин суугчтай тус хот 1 сарын 9-нөө эхлэн нийт 2 сар гаруйн хугацаанд бүтэн хөл хорионы дэглэмд амьдарч байсан.

Өчигдрийн мэдээллээр Хятад улсад шинэ халдварын тохиолдол 45, нас баралт 5 бүртгэгдсэн байна.

БНСУ-ын хувьд халдварын улмаас өвчилсөн нийт 9478 хүний 4811 хүн эдгэрч, 4500 гаруй хүн эмчилгээ үргэлжлэн хийгдэж байна. Халдвар анх дэлгэрсэнээс хойш эдгэрсэн хүний тоо халдвартай тохиолдлоос анх удаа давсан байна. Солонгос улсын хувьд эдгэрэлтийн хувь 50.8, нас баралт 1.52 байна.

Шинэ халдварын хувьд бямба гарагт 136 тохиолдол бүртгэгдсэний  24 нь олон улсын нислэгээр зорчин ирэгсдээс илэрсэн бол 71 тохиолдол нь халдварын голомт болох бусад хотуудаас бүртгэгджээ.

Солонгос Тэгү хотын эмнэлгийн ажилтнууд халдвар авсан тохиолдол их гарсан. 121 эмнэлгийн ажилтан халдвар авсны 14 нь эмч, 56 нь сувилагч, 51 сувилагчийн туслах байна. Эдгээр иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байхдаа халдвар авсан уу, эсвэл ахуйн халдвар авсан уу гэдгийг нарийн тогтоогоогүй байна гэж мэдээлжээ” гэв.

Мөн ой хүрээгүй хүүхдүүд халдварын улмаас нас барах тохиолдол нэмэгдэж байгаа энэ үеэр Д.Нарангэрэл онцолсон юм.