Сэжигтэй 2 тохиолдол бүртгэгдлээ


2020-04-02 11:09:10

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 206 оронд халдвар бүртгэгдээд байна. Арлын нутагт өвчлөл нэмэгдсэн байна. Итали, АНУ, Испанид өвчлөл эрчтэй тархаж байна. Өнгөрөгч 03 сард хагас сая хүн энэ өвчнөөр өвчилсөн тухай ярьж байсан бол 3 хоногийн дотор 900 гаруй мянган хүн өвчилсөн байна.

Анх өвчлөл эхэлж байхад халдварын тохиолдлыг 14 хоногт 100.000 гэж ярьдаг байсан бол 6-7 хоногт 400.000 гэж ярьдаг боллоо. Өвчлөл асар хурдан тархаж байна. Нас баралтын түвшин мөн нэмэгдэж байна. Анх нас баралтын түвшин 3.4 байсан бол 4.9 болсон байна.

Тэр дундаа Итали улсад нас баралт 12 хувьд хүрсэн байна. Бага насны хүүхдүүд сүүлийн 7 хоногт ихээр халдвар авч байна. АНУ-д 6 долоон хоногтой хүүхэд нас барсан тохиолдол бүртгэгдлээ.

Манай улсын хувьд зөөвөрлөгдөн, лабораторийн шинжилгээгээр батлагдсан 14 тохиолдол бүртгэгдсэн. 2 хүн нь эдгэрч, 14 хоногийн тусгаарлалтад шилжиж, эмчийн хяналтад байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 2 сэжигтэй тохиолддол бүртгэгдлээ.

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 сэжигтэй тохиолдлын тухайд Турк, Энэтхэг улсаар аялсан өгүүлэмжтэй. Хэдийгээр өөрийгөө 14 хоног тусгаарласан боловч уушгины хатгалгаа илэрч, эмнэлэгт хандсан. Ойрын хавьтлын 7 хүнийг тусгаарласан.

Дарханд байгаа 1 оюутны тухайд тусгаарлалтын байранд байсан тул ойрын хавьтал байхгүй. Уушгины шинж тэмдэг илэрсэн байдалтай.

Өнөөдрийн байдлаар 2171 хүн тусгаарлах байранд байгаа. Биед орсон өөрчлөлт байхгүй. Улсан хэмжээнд 24 цагийн дотор 135 эх амаржиж, 134 нярай мэндэлсэн. Эрчимт эмчилгээний тасагт  174 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Түргэн тусламжийн 574 дуудлага ирсэн. Ихэнх нь төрөхийн болон осол гэмтэл. Ингэхдээ архидан согтуурсан дуудлага ихээр ирж байна” гэлээ.