Б.Янжмаа: Солонгос улсад нийт 741 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн байна


2020-04-05 11:36:54

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар гадны улсад оронд нөхцөл байдал ямар байгаа талаар танилцуулсан юм. Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Испани улсад шинэ халдварын тохиолдол 7200 нэмэгдсэн байна. Халдвар тууштай буурахгүй байгаагаас үүдэн 04 сарын 11-нд дуусгавар болох ёстой байсан онц байдлын хугацааг дахин хоёр долоон хоногийн хугацаагаар сунгахаа Испани улсын Ерөнхий сайд мэдэгдсэн байна.

Итали улсад шинээр бүртгэгдсэн нас баралт 681 болж, өмнөх өдрүүдээс бага зэрэг буурсан байна. Мөн эрчимт эмчилгээнд орох өвчитнүүдийн тоо ялимгүй буурч байгаа талаар тус улсын Иргэнийг хамгаалах газраас мэдэгдсэн байна.

Халдварын тохиолдол төдийлөн буурч өгөхгүй байгаагаас үүдэн Хойд Ламборди мужид шинээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ нь иргэд гадуур гарахдаа амны хаалт зүүж явахыг үүрэгжүүлсэн байна. Амны хаалт байхгүй нөхцөлд ам хамрыг тагласан ороолт зүүхийг иргэдээс шаардаж байгаа юм байна. Энэ талаар тус улсын Засаг захиргаанаас хандаж иргэдэд мэдээлэл хийхдээ энэ дэглэмийг 04 сарын 13-ныг хүртэл мөрдөнө. Халдварыг хумиж чадахгүй байгаа учраас цаашид улам их хичээхгүй бол өмнөх арга хэмжээнүүд үр дүнгүй болоход хүрнэ гэж иргэдэд анхааруулсан байна.

АНУ-д бямба гарагт 27.800 гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан иргэдийн тоо 305.000 давлаа. Бүртгэгдсэн нас баралт 8200 болсон.

Япон улсад халдварын 118 шинэ тохиолдлыг нийслэл Токио хотод бүртгэсэн байна. Хотын засаг захиргааны өгсөн мэдээллээр өвчитнүүдийн хувьд бараг бүх насныхан хамрагдаж байгаа. Тухайлбал, 10-19 насны охид болон 90 хүртлэх насны эрэгтэй, эмэгтэйчүүд байна. Тэдгээр 118 тохиолдлын 81 нь халдварыг ямар замаар авсан нь тодорхойгүй байгаа санаа зовоож байна гэж мэдэгдсэн байна. Бага залуу насныхан халдвар авах нь эрсдлийг улам их нэмэгдүүлж байгааг анхааруулсан байна.

БНСУ-ын хувьд шинэ халдварын тохиолдлын тоо ерөнхийдөө буурч байгаа ч зөөвөрлөгдсөн халдварын тоо нэмэгдсэн хэвээр байна. Бямба гарагт 81 шинэ тохиолдол бүртгэгдсэний 24 нь гаднаас ирсэн тусгаарлалтах байранд байгаа иргэдээс илрүүлсэн байна.

Солонгосын өвчин хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлж байгаагаар тус улсад нийт 741 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Үүнээс улбаалаад зайнаас харьцах, бөөгнөрөл үүсгэхгүй байх арга хэмжээг дахин хоёр 7 хоногийн хугацаагаар сунгаж хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Хятад улсын хувьд шинээр 30 өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн. Үүний 25 тохиолдол нь зөөвөрлөгдөн орж ирсэн. Мөн шинж тэмдэггүй халдварын тохиолдол 47 бүртгэсэн байна. Шинэ тэмдэггүй нийт 1024 тохиолдлыг эмнэлгийн хяналтад авч ажиглаж байна” гэв.