Б.Янжмаа: Япон улс 1 сарын хугацаатай онц дэглэм тогтооно


2020-04-07 11:48:16

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Тэрбээр "Испани улсад сүүлийн 4 өдөр дараалж, халдварын шинэ тохиолдол болон нас баралт буурч байна. Харин Итали улсад нас баралт 636 болж өмнөх өдрөөс даруй 100 гаруй тохиолдлоо нэмэгдсэн байна. Гэхдээ шинэ халдварын тохиолдол Итали улсад буурсан байна.

Франц улсад ковид 19 халдварын улмаас эмнэлэгт нас барсан хүний тоо өмнөх өдрөөс мөн 10 хувиар нэмэгдэж нийт 6494 болсон бол асрамжийн газруудад нас барсан хүний тоог оролцуулбал тус улсад нийт нас баралт 8911 хүрлээ.

ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын тохиолдол бараг 1000 нэмэгдэж 6300 гаруй болсон байна. Халдварын тархалтын хувьд нийслэл Москва хотод голомтлон тархаж байгаа бөгөөд өнгөрсөн 1 хоногийн хугацаанд 590 тохиолдлын хариу эерэг гарч баталгаажсан байна.

Герман улсын хувьд шинэ халдвар сүүлийн 4 өдөр дараалан буурч байна. Тус улсын нийт тохиолдлын тоо 95391 болсон байна. Герман улсад нас баралтын түвшин 1.5 хувьтай байна. Өвчлөлийн тархалтын хувьд холбооны 16 мужид өвчлөл гарсан. Нийт өвчилсөн иргэдийн дийлэнх буюу 70 гаруй хувийг 15-59 насны хүмүүс эзэлж байна. Өвчлөл хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүст 50, 50 хувийн харьцаатай байна. Нас баралтын 86 хувийг 70 дээш насныхан эзэлж байгаа хэдий ч энэ насны бүлгийн нийт халдварын тохиолдлын 15 хувийг хамарч байна.

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нийслэл Токиог оролцуулан нийт 7 муж, орон нутагт онц байдлын дэглэмийг 1 сарын хугацаатай зарлах бэлтгэл хангаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Японы Засгийн газарт ковид 19 халдвартай тэмцэх талаар бодлогын зөвлөмж өгөх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг өмнө нь ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлаар ажиллаж байсан хүн ахалж байгаа. Ажлын хэсгийн зүгээс Ерөнхий сайд Шинзо Абэд онц байдал зарлах зөвлөмжийг өгсөн гэж мэдээлжээ.

Токио болон томоохон хотуудад өвчлөл эрчтэй нэмэгдэж байгаа нь эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн үйлчилгээг ноцтой хүндрэлд хүргэж болзошгүй тул халдварын тархалтыг хумихын тулд хүн амын хөдөлгөөнийг аль болох хязгаарлахад чиглүүлж энэ шийдвэрийг гаргахаар болсон байна.

Онц байдал зарласанаар хүн амын хөлийг бүрэн хорихгүй ч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хааж, дэлгүүр, соёл, урлагийн байгууллага гэх мэт хүн олноор цугладаг үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох эрхийг орон нутгийн засаг захиргаанд олгож байгаа юм байна.

Эмнэлгийн шаардлагатай хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, дайчлан авах боломжийг орон нутгийн эрх баригчид хэрэгжүүлэх бүрэн эрхтэй болж байгаа юм.

Польш улсад халдварын оргил үеийг 5-6 сард тохионо гэж үзэж байна. Одоогоор тус улсад 4200 гаруй тохиолдол 98 нас баралт бүртгэгджээ" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү