Б.Янжмаа: Хязгаарлалтыг цуцалбал халдварын дэгдэлт эргэж сэргэнэ гэдгийг анхааруулсан


2020-04-08 11:54:23

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг болж Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Халдварын улмаас Франц улсад нийт нас барсан хүний тоо 10.000 давсан байна. Үүнээс 7091 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. 3237 хүн өндөр настны асрамжийн газарт нас барсан талаар тус улсын эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Одоогийн байдлаар Франц улсад 7131 өвчтөн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байна.

Испани улсад мягмар гарагт 743 хүн нас барсан нь өмнөх 5 өдрөөс бага зэрэг нэмэгдсэн үзүүлэлт юм.

Турк улсад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Тухайлбал, мягмар гарагт 3892 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 34.000 гарсан.

АНУ-ын халдварын голомтын төв болоод байгаа Нью-Йорк мужид өнгөрсөн 1 хоногийн хугацаанд 731 хүн нас барж, нийт халдвар авсан хүний тоо 139.000 давсан байна.

Улсын хэмжээнд 24 цагийн хугацаанд 1736 нас баралт шинээр бүртгэгдэжээ. Калифорни мужаас Нью-Йорк болон бусад мужууд руу нэн шаардлагатай байгаа амьсгалын аппратыг түр илүүчлэн зээлдүүлэх зорилгоор илгээж байгаагаа Калифорни мужийн захирагч мэдээлсэн байна.

Хятадын Ухань хотод 76 хоногийн хугацаанд мөрдүүлсэн хатуу чанд хорио цээрийн дэглэмийг  өнөөдрөөс цуцалж байна. Нисэх онгоц болон галт тэрэг, авто тээврийн зорчих хөдөлгөөнийг сэргээж эхэлсэн. Хотын доторх зорчих хөдөлгөөнийг сэргээлээ гэдэг нь халдвараас урьдчилан сэргийлэх, хянах бусад арга хэмжээг цуцална гэсэн үг биш. Эдгээр арга хэмжээг улам эрчимтэй үргэлжлүүлэн авч үзэх шаардлагатай гэдгийг мужийн болон хотын засаг захиргаанаас анхааруулсан.

Чехийн парламентаас онц байдлын хугацааг 04 сарын 30-ыг дуустал сунгах шийдвэр гаргасан байна. Мөн Финляндын Засгийн газраас хилийн хориг, зорчих хөдөлгөөнтэй холбогдуулан авсан хязгаарлалтын арга хэмжээг 05 сарын 13-ныг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна.

ДЭМБ-аас өчигдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр улс орон бүрийн нөхцөл байдал харилцан адилгүй байгаа ч халдварын тархалтыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж байгаа хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлах цаг болоогүй байна. Хэрэв цуцалбал халдварын дэгдэлт эргэж сэргэнэ гэдгийг бүх улс орнуудад анхааруулсан байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү