Лабораторийн оношлуур, нэн шаардлагатай тоног төхөөрөмж гардуулан өглөө


2020-04-28 18:08:32

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газраас 1,093,460 юань буюу 420 гаруй сая төгрөгийн үнэ бүхий 10,000 ширхэг лабораторийн оношлуур болон оношилгооны аппарат болох Полимеразын гинжин урвалын анализаторыг хандивлаж байгааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй хүлээлгэн өглөө.


Эдгээр тоног төхөөрөмжийг хүлээн авах үеэрээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дэлхий нийтэд КОВИД-19 коронавирүсын халдвар асар хурдацтай тархаж нийт 213 улс орныг хамарч, манай улсад зөөвөрлөгдөн ирсэн 38 тохиолдол бүртгэгдсэн талаар товч мэдээлэхийн зэрэгцээ уг коронавирүсийн халдварыг баталгаажуулах шинжилгээний гол арга болох Полимеразын гинжин урвал дээр суурилсан лабораторийн оношлуур, аппарат тоног төхөөрөмж хүлээлгэн өгч байгаад талархал илэрхийлж, энэхүү арга хэмжээ нь цаг үеэ олсон нэн чухал арга хэмжээ болж байгааг онцлон тэмдэглэв. 

Элчин сайд Цай Вэньруй хэлэхдээ БНХАУ-ын хувьд КОВИД-19 коронавирүсын халдварын тархалтыг  зогсоож чадсан бөгөөд дэлхийн бусад улс орнуудад уг халдвараас урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээний арга барил, зөвлөмжийг түгээж, эмч мэргэжилтнүүдийн цахим хурлыг удаа дараа зохион байгуулах зэргээр өөрсдийн олсон мэдлэг, туршлагаа идэвхтэй хуваалцаж байгаагаа хэлэв.  

Тэрээр Монгол Улсын Засгийн газраас коронавирүсын халдварын эсрэг авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд үр дүнтэй байгааг онцлоод БНХАУ-аас Монгол Улсад зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдол байхгүй байгаа ба цаашид энэ байдлыг хадгалах болохоо мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү