О.Алтантуяа: Хүүхэд эрчимт эмчилгээнд орсон 20 гаруй тохиолдол мэдээлэгдсэн


2020-04-30 12:39:04

ДЭМБ-ын ажилтан О.Алтантуяа мэдээлэл өгөв.

Тэрбээр “Сүүлийн 24 цагт хүн амын дундахь тархалт өндөр байгаа улс орнуудад өвчлөл, нас баралт багасах хандлага гарч байна. Өвчлөл АНУ, Англи, Франц улсад 2 хувиар нэмэгдсэн. Нас баралтын хувьд одоогоор Франц улсад 18 хувь, Англи, Италид 13 хувьтай байна.

01 сарын 30-нд ДЭМБ-аас шинэ коронавирусийн халдварын дэгдэлтийг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хэмээн зарласнаас хойш 3 сарын хугацаа өнгөрлөө. Олон улсын эрүүл мэндийн дүрмийг 2003 онд Саарсын дараа шинэчилж, 2005 онд хүчин төгөлдөр болж 193 улс орон дагаж мөрдөж байна.

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хэмээн зарлах нь ДЭМБ-аас өгч байгаа хамгийн өндөр аюулын түвшинг зарлан мэдээлж байгаа явдал юм. Ингэж зарлах үед Хятад улсад 100 тохиолдол бүртгэгдэж, нас баралт гараагүй байсан. Харин Хятадаас бусад улс оронд 82 тохиолдол бүртгэгдэж, нас баралт бүртгэгдээгүй байсан.

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн онцгой байдлын зөвлөл өнөөдөр дахин хуралдаж, нөхцөл байдлаа үнэлж, дүн шинжилгээ хийх гэж байна. Энэ хороонд дэлхийн хэмжээний 15 хараат бус шинжээч, эрдэмтэд байдаг.

ДЭМБ-аас шинээр хот болон төвлөрөл ихтэй бүс нутагт коронавирус халдварын бэлэн байдлыг хангах шинэ удирдамж гарсан. Энэ удирдамжид хотын захиргаа, орон нутгийн удирдлага, шийдвэр гаргагч нарт халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдал хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар чиглэл зөвлөмж тусгасан.

01 сарын 01-нээс 04 сарын 28-н хүртэл хугацаанд ойрын хавьтлын хувьд тархалт хэрхэн явагдаж байгаа талаар хийсэн 97 судалгааны дүнгээс харахад гэр бүлийн дундах тархалт  бусад тархалтаас өндөр байна. Хоёрдогч халдвартын түвшин гэр бүлийн гишүүдэд 10-30 хувьтай байгаа бол бусад тархалт 0.4-8 хувьтай байна.  

Гэр бүлийн гишүүд дотроо эхнэр, нөхөр хоёрт хамгийн өндөр 27 хувьтай, хүүхдүүдэд 4 хувьтай байна.

Ажлын байран дахь тархалт дэгдэлтийн эхэн үед өндөр буюу 40 хүртэл хувь байна.

Сүүлийн 5-10 хоногт Англи улсад хүүхдүүд эрчимт эмчилгээнд орсон 20 гаруй тохиолдол мэдээлэгдсэн. Компьютер, томографикийн шинжилгээгээр хэвийн үзүүлэлттэй боловч судасны үрэвслийн шинж тэмдэг, суулгах зэрэг шинж илэрсэн тохиолдлууд бүртгэгдсэн. Эдгээр өвөрмөц шинж тэмдгүүд Швейцарь, Испанид ажиглагдсан. Энэ талаар дэлхийн эмч нар мэдээллийн системтэй цуглуулж, анхааралдаа аван судалж байна.

ДЭМБ-аас коронавирусийн халдварын дараах нөхөн сэргээх тусламжийн чухлыг онцолж байна. Амьсгалын замыг чөлөөлөх, уушгины цусан хангамжийг сайжруулан физик эмчилгээнд ая холбогдол өгч байна. Ингэснээр өвчитнийг амьсгалын аппаратанд орохоос, мөн хүндрээс сэргийлэх ач холбогдолтой юм” гэжээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү