Я.Буянжаргал: Цэргийн төв эмнэлэгт байгаа 4 хүүхдийн биеийн байдал хүнд байна


2020-05-19 12:49:24

Эмнэлгийн тусламжийн бэлэн байдлын талаар ЭМЯ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр “Тусгаарлан ажиглах байранд өссөн дүнгээр 7.408 хүнд оношыг баталгаажуулах болон үгүйсгэх танадалт судалгааг хийлээ. Одоогийн байдлаар 1.769 хүн тусгаарлан ажиглах байранд байна.

Мөн Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дорноговь, Баян-Өлгий аймгуудад мөн иргэд тусгаарлагдан ажиглалтад байгаа. Сэжигтэй тохиолдлуудыг нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгуудад тусгаарласан.

Тусгаарлан ажиглалтад байгаа иргэдийн дотор зүрх судас, мэдрэл, сэтгэц, шүд, гэмтэл, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн чиглэлийн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээг авах тохиолдол өдөр бүр гарч байгаа. Тухай бүрт нь үзлэг, оношлогоо, шинжилгээг газар дээр нь шуурхай үзүүлж байна.

Тусгаарлан ажиглах байранд өнөөдрийн байдлаар

  • 0-5 хүртлэх насны 107 хүүхэд
  • Жирэмсэн эмэгтэй 67
  • Чихрийн шижинтэй хүн 30
  • Даралт ихсэх өвчтэй хүн 93
  • Хавдартай 24
  • Бусад өвчтэй 127 хүн байна

Цэргийн төв эмнэлэгт маш хүнд оноштой 3 хүн бий. Мөн тархины хавдартай 1 хүүхэд бий. Нийт 4 хүүхдийн биеийн байдал хүнд байна. Тэд вирусийн шинжилгээгээр бүгд сөрөг гарсан.

Өнөөдөр 07.59 цагт Дели-Улаанбаатарын чиглэлийн онгоц газардсан. Энэ онгоцоор 158 иргэн ирсэн. Тэднээс ХӨСҮТ-д 2, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 5 тохиолдлыг тусгаарласан. Элэг шилжүүлэн суулгасан мөн донор болсон, арьсны хавдартай, нурууны мэс засалд орсон хүнд хүмүүсийг хүлээж авсан. Тэднийг онгоцноос буумагц түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. PCR-ын шинжилгээгээр оношийг үгүйсгэх ажиллагааг хийнэ. Бусад иргэдийг тусгайлан бэлтгэсэн зочид буудлуудад тусгаарласан.

Гэрийн тусгаарлалтад нийслэлд нийт 3.138 иргэн байсан. Яг өнөөдрийн байдлаар 95 иргэн байна. Үүн дээр 72 өрхийн эрүүл мэндийн төв эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, хяналт тавин ажиллаж байна.

Гэрийн тусгаарлалтаас хугацаа дуусч гараад орон нутаг руу 493 хүн шилжсэн. Орон нутгаас 334 хүн ирсэн. Тусгаарлан ажиглалтад нийтдээ 186 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн.

Түргэн тусламжийн дуудлагад хоногтоо 1912 хүн дуудсан. Ихэвчлэн төрөх, осол гэмтэл, архидан согтуурахтай холбоотой дуудлага байсан.

Эмнэлгийн орыг нэмэгдүүлэхийн тулд Түлэнхийн төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлээд байна” гэлээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү