Н.Эрдэнэбаяр: Их, дээд сургуулийн үйл ажиллагаа зогссонтой холбоотой цус цуглуулалт 40 хувиар буурсан


2020-05-23 12:54:50

Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр коронавирусийн халдварын үед эмнэлгийн байгууллагын бэлэн байдлыг хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээт нөөцийг бүрдүүлэх нь эрүүл мэндийн байгууллага төдийгүй нийт хүн ам, төрийн бус өбайгууллага, аж ахуйн нэгжийн идэвхи, оролцоо салбар дундын хамтын ажиллагаанаас ихээхэн шалтгаалдаг. Царх тахлын нөхцөл байдалтай холбоотой цусны албадын үйл ажиллагааг өвөрмөц байдлаар зохион байгуулах шаардлага тулгарч байна.

Ковид 19 цар тахлын үед цусны донорын эгнээг өргөжүүлэх, хадгалах замаар цус цуглуулах ажлыг хэвийн хэмжээнд байлгах, хүрэлцүйц хэмжээний цус цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд дэлхий даяар бэрхшээл тулгарч байна. Дэлхийн улс орнуудын мэдээ тайлангаас харахад эхний давалгаанд өртсөн улс орнуудын цуглуулалт даруй  40 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Үүнтэй холбоотойгоор Олон улсын цус сэлбэлтийн нийгэмлэг, Азийн цус сэлбэлтийн нийгэмлэгээс нөхцөл байдалтай  уялдуулсан үйл ажиллагааны  удирдамж, санал зөвлөмжийг гишүүн орнууддаа хүргүүлсэн.

Ковид 19 халдвартай өвчитнүүдэд цус, цусан бүтээгдэхүүн төдийлөн хэрэглэхгүй байгаа ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэвийн үргэлжүүлж байгаатай холбоотойгоор цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ буураагүй. Харин ч эхний 4 сарын байдлаар 8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Монгол Улсын цусны алба, ДЭМБ, Олон улсын цус сэлбэлтийн нийгэмлэгээс өгч байгаа зөвлөмж зааврыг мөрдөн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Ковид 19 цар тахлын үед цусны албадын үйл ажиллагаанд мөрдөх удирдамж, заавар боловсруулан улсын хэмжээнд мөрдүүлж байна. Үүссэн нөхцөл байдлын үед ч эмнэлгийн тусламж үйлчилгээнд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага байсаар байгаа тул мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж, зааврыг мөрдөн цусаа хандивлах үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Мөн бүртгэлтэй байдаг 136 мянган цусны донорт мессеж, , цахим шуудан илгээх, холбогдох заавар, зөвлөмжийг хүргүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Аж ахуйн нэгж байгууллагын цусны донорын хөдөлгөөнд нэгдэн иргэний үүрэг, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийг уриалж эхний 5 сарын байдлаар  130 гаруй байгууллагатай цус цуглуулах чиглэлээр хамтран ажилласан.

Цусны донорууд цар тахлын үед эрүүл мэндээ хэрхэн хамгаалж, Эрүүл мэндийн яамнаас өгсөн заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэх, ямар шаардлага хангасан үед цусаа бэлэглэж болох, ямар үед цусны албанд ирж болохгүй талаар тодорхой мэдээллийг түгээж байна.

Цусны  донорт үйлчлэх эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, нэг үйлчлүүлэгчид ногдох талбай, тусгаарлалтын зай хэмжээг баримтлах, биеийн халууныг хэмжих, гар ариутгах бүх нөхцөлийг бүрдүүлэх, маск зүүх, ариутгал халдваргүйжүүлэх, агааржуулалт зэрэг үйл ажиллагааг зааврын дагуу бүрэн хийн, цар тахлаас урьдчилан сэргийлэн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой явуулын хэлбэрээр цус цуглуулахад улсын хэмжээнд 40 хувь буурсан. Цус сэлбэлт үндэсний төв оны эхний 4 сарын байдлаар цус цуглуулах 3 суурин төв, явуулын 1 багаар нийт 8.561 нэгж цус цуглуулсан нь өмнө оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Дээрх шалтгаанаар цус цуглуулалт буурч байгаа тул шат дараалсан арга хэмжээг явуулсан бөгөөд энэ оны 5 сараас эхлэн цус цуглуулах ажлыг ажлын өдрүүдэд уртасган, бямба гарагт төвийн хуучин байр буюу Сүхбаатар дүүрэгт байрлах цус цуглуулах төвд цус цуглуулах болсноор цус цуглуулалтын хэмжээ харьцангуй нэмэгдэж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү