Д.Нарангэрэл: Морьтой 2 иргэн өвчлөл өндөр байгаа Тува улс руу нэвтэрч, буцаж орж ирсэн


2020-05-31 12:07:48

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл 

"Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 6.1 сая хүн халдвар авч, 370.000 гаруй хүн нас баржээ. Одоогоор 3 сая хүн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт 123.000 хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өвчлөл өмнөх өдрийнхөөс 1.000, нас баралт 700 гаруй хүнээр буурсан. 

ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 8.952 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улстай хил залгаа Буриад, Эрхүү, Тувад 27-167 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Эрхүү хотод 167 тохиолдол шинээр нэмэгдсэн байна. Энэ нь өмнөх өдрийнхөөс 108 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Халдварын эрч өндөр хэвээр байна.

Иймээс хил залгаа Увс, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод аймгийн иргэд онцгой анхааралтай байж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөөг дагахыг сануулж байна. Гэтэл өчигдөр Увс аймгийн Давст сумаас ОХУ-ын Тува руу 2 иргэн морьтойгоо нэвтэрч, буцаж Монгол Улсын хилээр орж ирэхдээ баривчилагдсан. Тэднийг саатуулахын тулд 7 хилийн офицер, эмнэлгийн ажилчид ажилласан. Ингээд тэднийг Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарлаад байна. Одоогоор эдгээр хүнээс халдвар илрээгүй байна.

Хил давсан хоёр иргэн амны хаалт зүүгээгүй, хамгаалах хэрэгсэлгүйгээр өвчлөл өндөртэй улс руу зорчсон. Энэ нь өвчлөл авчрах өндөр аюултай.

Манай улсын хувьд 1 ирггэн ажиглалтад шинээр орсон. Одоогоор 1991 хүн ажиглалтад байна.

Орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд 3.925 хүнд танадалт судалгаа хийлээ. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

24 цагийн 119 дугаарын утсанд 170 дуудлага ирсэн. Шуурхай 119 апп-аар Франц, АНУ, ОХУ-аас 5 хүн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү