Д.Сарангэрэл: Хүн амын дунд халдвар гараагүй байхад муу амаллаа гэж биднийгээ шүүмжилдэг


2020-05-31 21:04:35

ОХУ-д коронавирусийн халдвараар өдөртөө 8.000 гаруй хүн өвчилж, 1000 гаруй хүн эндэж байна. Тэр дундаа манай улстай хил залгаа Буриад, Тувад өвчлөл эрчтэй тархаж байгаа билээ. Гэтэл Увс аймгийн хоёр иргэн морьтойгоо Тува руу хил давж, буцаж ирсэн тохиолдол бий. Ингэхдээ тухайн иргэд ямар ч хамгаалах хэрэгсэлгүй, тэр бүү хэл амны хаалт ч үгүй байсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цахим хуудсандаа ийн нийтэлжээ.

Тэрбээр "Хүн амын дунд халдвар гараагүй байхад муу амаллаа гэж биднийгээ шүүмжилдэг. Бодит эрсдэл байгаа учраас л анхааруулдаг хэрэг. Эмч, мэргэжилтнүүдийн дунд халдвар гарч буй тохиолдол олон оронд гарч байна. Мөн хил, гааль дээр ажиллаж буй төрийн албан хаагчид вирустэй хүнтэй өөрөө ч мэдэхгүй тулж буй учир тэднийгээ хамгаалахгүй бол болохгүй.

Бид энэ асуудалд онцгой анхаарч арга хэмжээ авч байна. За нэг санаа зовж байсан зүйл бол хулгайн замаар коронавирусын халдвартай улс орны хил рүү хэн нэгэн санаатай, санаагүй хөл тавьчих вий гэдэг болгоомжлол байлаа. Эрүүл мэндийн яам энэ талаар хил хамгаалах байгууллагадаа байнга анхааруулж байсан.

Тэд маань харин хил гарсан 2 нөхрийг орж ирэхэд нь бариад авч. Тува Увс аймагтай хиллэдэг. Өнөөдрийн байдлаар Тувад 997 халдвар бүртгэгдэж 2 хүн нас барж, өдөрт 50-60 тохиолдол шинээр бүртгэгдэж, төрийн тэргүүн нь халдвар авсан мэдээлэл интернетэд байна. Ийм байхад анхааруулсаар атал ингэж хариуцлагагүй хандах гэж. Солонгост нэг эмэгтэйн балаг үндэсний хэмжээнд халдвар тарах эхлэл болсныг мартаж болохгүй. Бүгд хариуцлагатай байцгаая, бие биенээ хайрлая, улс орноо хамгаалъя" гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү