Б.Янжмаа: Японд бага сургуулийн 4 сурагч халдвар авчээ


2020-06-01 12:16:53

Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Дэлхийн хэмжээнд АНУ, Бразил, ОХУ батлагдсан халдварын тоогоор тэргүүлсэн хэвээр байна.

АНУ-д өчигдөр 23.500 гаруй шинэ халдвар,  915 нас баралт бүртгэгдлээ.

Бразил улсад өчигдөр 16.000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, тус улсын нийт батлагдсан тохиолдол 515.000 шахам боллоо. Мөн өдөр 480 нас баралт бүртгэгдэж, нийт эндэгдэл 29.000 гаруй болж АНУ, Их Британи, Итали улсын ард эрэмбэлэгдлээ.

Халдвар анх бүртгэгдсэнээс хойш өвчилж эдгэрсэн хүний тоо 206.000 гаруй болсон байна. Одоогоор идэвхтэй халдвартай хүний тоо 279.000 шахам байна.

АНУ-ын зүгээс Бразил улсад тусламж болгож хумхаагийн эмчилгээний эмнээс 2 сая тунг илгээсэн байна. Эмийг эрүүл мэндийн ажилтнуудыг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор болон халдварын авсан өвчитнүүдэд хэрэглэх юм байна. Уг эмээр АНУ, Бразил улсын хамтарсан эмнэлзүйн судалгааг эхлүүлж байгаа аж.

Зүүн өмнөд Азийн бүсэд БНЭУ-д 8000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тохиолдлын тоо 182.000 гаруй болсон байна.

Номхон далайн баруун бүсэд  БНСУ-д 35 шинэ тохиолдол, 1 нас баралт бүртгэгдсэн байна. Дээрх 35 тохиолдлын 30 нь дотоодын халдвар  бөгөөд тэдгээрийн дийлэнх нь цахим худалдааны ложистик төвийн голомттой холбоотой байна. 

Дээрх голомтоос одоогийн байдлаар нийтдээ 111 тохиолдол батлагдаад байгаа бол шөнийн клубийн голомтоос ням гарагийн байдлаар 270 тохиолдол батлагдсан байна.

Япон улсын Токио хотод 5 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн тус улсын хотод 12 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүний 4 нь бага сургуулийн сурагчид байсан байна. Тус хотод сүүлийн 4 өдөр 97 тохиолдол батлагдсаны 34-ийнх нь халдварын зам мөрийг тогтоож чадаагүй байна. Бага болон дунд сургуулийн дунд халдвар гарсантай холбоотойгоор тус хотын зарим сургуулийн үйл ажиллагааг хаасан байна.

Хятадад өчигдөр 16 шинэ тохиолдол гаднаас зөөвөрлөгдөж, нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 83.017 болжээ. Сингапур улсад шинээр 510 тохиодол бүртгэгджээ" гэлээ. .

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү