Я.Буянжаргал: Өчигдөр 130 эх амаржиж, 132 нярай мэндэлсэн


2020-06-02 14:14:14

Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын талаарх мэдээллийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа. Эх үрсийн баярын өдөр улсын хэмжээнд 130 эх амаржиж, 132 нярай мэндэлсэн. Түргэн тусламжийн дуудлагад улсын хэмжээнд 1.892 дуудлага ирсэн. Ихэвчлэн төрөлтийн болон осол гэмтэлтэй холбоотой байсан.

Тусгаарлан ажиглах байранд өнөөдрийн байдлаар 1.792 иргэн байна. Нийслэлийн амралт сувилал, тусгаарлан ажиглах байруудад нийтдээ 1.439 иргэн байна. Бусад нь Орхон, Дархан, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь, Увс аймгуудад тусгаарлагдсан. 

Тусгаарлалтад байгаа иргэдийн дунд харшлын зовиур хэлэх, астам багтраа зэрэг өвчний зовиур хэлсэн хүн нэлээдгүй байна. Жирэмсэн эмэгтэй, 5 хүртлэх насны хүүхэд, чихрийн шижин, артерийн даралт ихсэх, хорт хавдартай болон багтраатай, харшлын шинжтэй иргэдэд байнга эмнэлгийн тусламжийн үйлчилгээ үзүүлж байна.

Өссөн дүнгээр тусгаарлах байранд 8.491 иргэн орлоо. Өнөөдрийн байдлаар 128 эмч эмнэлгийн мэргэжилтэн, резидент эмч нар тусгаарлан ажиглах байранд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Нийтдээ улсын хэмжээнд 15.300 гаруй шинжилгээг хийлээ. Дэлхий нийтэд эрсдэлтэй бүлгийн хүн амдаа илүү анхаарал хандуулж, тэдэнд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулсанаар коронавирусийн өвчлөл, хүндрэл, нас баралтыг бууруулж байна гэж мэдээлсэн. Иймээс энэ хүмүүсийнхээ мэдээг 14 хоног хянаж ажиллаж байгаа. 

Цэргийн төв эмнэлэгт тусгаарлан ажиглалтын 21 хоногийн хугацаа нь дууссан ч гэртээ тусгаарлагдах эмчилгээгээ Цэргийн төв эмнэлэгтээ үлдэн үргэлжлүүлэх шийдвэр гаргасан, биеийн байдал нь хүнд нэг иргэн бий. Мөн вирусийн илрүүлэх шинжилгээ болон давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Үндсэндээ нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад орсон 3.843 иргэнийг хяналтад авсан.

Бид мөн эрдэмтдийн баг байгуулан авч хэрэгжүүлж буй бүх ажил дээрээ судалгаа, тандалт хийлгэж байгаа билээ. УОК-ын Шуурхай штабын удирдлага дор тусгай үүргийн онгоцоор урьдчилсан байдлаар 2,000 орчим зорчигч ирнэ гэсэн тооцоолол бий. Эдгээр иргэнийг хүлээж авах тусгаарлах байрууд, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгээ бэлтгэн ажиллаж байна. Тухайлбал, Цэргийн төв эмнэлгээ чөлөөлж ажиллаж байна.

Уг халдвар нь хүүхдэд олон эрхтний үрэвслийн шинж тэмдгүүдээр илэрч байгааг өмнө нь хэлсэн. Иймд хүүхдийн эмч сувилагч нарыг сургалтад хамруулж байгаа. Аймгуудад сургалт хийхээс гадна бэлэн байдлаас нь үнэлж, аймгийн удирдлагуудтай нь уулзаж, нэмэлтээр хийж буй сайн талыг нь бусад аймагт сурталчилж, туршлага хуваалцаж байгаа билээ.

Эмийн болон эмнэлгийн хэрэгслийнхээ нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр гадаадад байгаа Элчин сайдууд болон олон улсын байгууллагуудтай холбогдон ажиллаж байна" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү