Д.Нарангэрэл: Хөл хориогоо гэнэт сулруулсан улс орнуудад өвчлөл эрчимтэй нэмэгдэж байна


2020-07-07 19:01:34

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавируст халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 11.692.000 хүн коронавируст халдвараар өвчилж, 539.000  хүн эндээд байна. 6.6 сая хүн эдгэрсэн бол 5 сая хүн эмчлэгдэж байгаа.

Сүүлийн 24 цагт 138 мянган хүн шинээр халдвар авч, 3000 гаруй эндсэн үзүүлэлттэй байна.

24 цагийн дотор АНУ-д өвчлөл 44,000, Бразилд 20,000, Энэтхэгт 24,000-аар өвчлөл нэмэгдэж, өндөр өвчлөлтэй улсын эхний 3т орж байна. Энэтхэг улсад сүүлийн хоёр сарын турш өвчлөл эрчимтэй нэмэгдэж, зэвсэгт хүчин хил хамгаалах шугамаар халдвартай өвчтөнүүдийг эмчлэн төвүүдийг олноор нь нээх болсон. Гэсэн хэдий ч ойрын хэдэн долоо хоногт нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байгааг тус улсын эрүүл мэндийн яамнаас анхааруулсан байна.

Хөл хориогоо гэнэт сулруулсан улс орнуудад өвчлөл эрчимтэй нэмэгдэж байна. Улс орнууд эдийн засгаа сэргээх нь зөв боловч цаг үеэ олоогүй шийдвэр олон хүний эрүүл мэнд, амь нас эрсдэх магадлалтайг ДЭМБ-аас анхааруулсаар байгаа.

ОХУ-д сүүлийн хоногт 6,619 хүн шинээр халдвар авч, 135 хүн эндсэн байна. Тувад нийт өвчлөлийн тоо 5,000 давсан бөгөөд сүүлийн гурав хоног үл ялиг хэмжээгээр шинэ халдварын тохиолдол буурлаа.

Манай улсын хувьд сүүлийн 24 цагт 119 дугаарт 130 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр Австрали, Шведээс манай улсын хоёр иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан.

ДЭМБ-аас цар тахлыг даван туулахад Засгийн газрын үүрэг оролцооноос илүү хувь хүний хариуцлага чухал болохыг онцолж байгаа. 9, 10, 11 сард улирлын томуугийн дэгдэлт гардаг. Тиймээс бид дархлаагаа дэмжиж, урьдчилан сэргийлэх бэлтгэлээ хангах хэрэгтэй байна* гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү