Т.Энхзаяа: Энэ сарын сүүлээр томуугийн ВАКЦИН хийж эхэлнэ


2020-09-09 14:35:57

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа томуугийн вакцины талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай улс аливаа нэг шинэ вакциныг хэрэглэхдээ Дархлаажуулалтын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зэрэг маш олон хууль тогтоомж, дүрмийг сахин хэрэгжүүлдэг. Эрүүл Мэндийн яамны дэргэд Дархлаажуулалтын Үндэсний хороо ажиллаж, дархлаажуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг.

Томуугийн вакцины тухайд жил бүр Монгол Улсын Засгийн Газрын санхүүжилтээр хийгддэг бөгөөд энэ жилийн эхний ээлжийн томуугийн вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар захиалсан. Уг вакциныг зорилтот бүлгийн хүн амдаа зориулан дархлаажуулалтыг хийнэ. Энэ жилийн вакциныг есдүгээр сарын сүүлээр эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ удаа БНСУ-ын Green Cross компанид үйлдвэрлэсэн гурван цэнт вакцин ирэх юм. Ковид-19-ын эсрэг вакцины тухайд дэлхийн эрдэмтэд ажилласаар байна.

Өнөөдөр дэлхий дахинд 172 үйлдвэрлэгч, эрдэмтэд вакцин бүтээгээд туршилтын шатандаа явж байна. Үүний 142 нь эмнэлзүйн судалгааны өмнөх түвшинд байгаа бол 34 үйлдвэрлэгчид клиникийнхээ өмнөх түвшинд, 8 үйлдвэрлэгчийн вакцин нь клиникийн хоёр, гурав дах шатны туршилтандаа явж байгаа гэсэн мэдээллийг аваад байна. Вакцины үйлдвэрлэл, клиникийн туршилтууд амжилттай болж, холбогдох бүртгэл, баталгаажуулалт, чанар, хяналтын дараа зах зээлд нийлүүлэгддэг юм. Одоогоор дэлхий дахинд нийлүүлэлтэд бэлэн болсон вакцин гараагүй байна. Манай зүгээс аль улсаас вакцин авах нь одоогоор тодорхойгүй байгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү