COVID-19: Халдвар авсан хүүхдүүдийн амьсгалын замд насанд хүрсэн хүнийхээс хэд дахин илүү вирус байгааг илрүүлжээ


2020-09-11 10:27:41

Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 халдварын эргэн тойронд хийсэн ээлжит танадалт судалгааны тоймыг танилцуулж байна.

1. АНУ-ын Филадельфи хотын 50 эрүүл мэндийн төвд үйлчлүүлсэн хүмүүсийн дунд судалгаа хийхэд энэ оны 3-р сарын 17-ноос гэртээ байх журмыг мөрдөж эхэлснээр хүнд хэлбэрийн астматай өвчтний тоо 60%-иар буурсныг тогтоожээ. Үүнийг судлаачид амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, эрүүл ахуйн арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлсний үр дүнд риновирусийн халдвар буурсантай холбон тайлбарлажээ. Риновирус нь астмын шинж тэмдгийг улам хүндрүүлж, гүнзгийрүүлдэг гэж судлаачид үзжээ.

2. Германы Лепциг хотын Leibniz хүрээлэнгийн судлаачид коронавирус чийгшил багатай дотоод орчинд хурдан тархдаг болохыг олон улсын 10 судалгааны үр дүнд үндэслэн дүгнэжээ. Судлаачид амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг арга хэмжээнээс гадна, дотоод орчны агаарын чанарыг хянах нь чухал гэж зөвлөжээ. Агаарын харьцангуй чийгшил 40-60% байхад коронавирусийн тархалтыг бууруулж байсан байна. Иймээс эмнэлэг, олуулаа суудаг ажлын өрөө, нийтийн тээвэр зэрэгт агаарын чанарын стандартыг мөрдөх шаардлагатай гэжээ.

3. Лондонгийн Империал коллежийн эрдэмтэд коронавирусийн улмаас нас барсан 10 өвчтний эд эрхтэнд шинжилгээ хийхэд бүх хүний уушги болон бөөр гэмтсэн, мөн уушги, зүрх, бөөр зэрэг эрхтэний аль нэгэнд эсвэл олон эрхтэнд цусны бүлэн үүссэн байсныг судалж, үр дүнгээ “Lancet” сэтгүүлд хэвлүүлжээ.

4. АНУ-ын Бостоны хүүхдийн эмнэлгийн судлаачид 1-22 насны 192 хүүхдэд хийсэн судалгаагаар коронавирусийн халдвар авсан хүүхдүүдийн амьсгалын замд эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа насанд хүрсэн хүнийхээс хэд дахин илүү вирус байгааг илрүүлжээ. Иймээс судлаачид хүүхдүүд насанд хүрэгчдээс илүү халдварыг тараадаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

5. АНУ-ын Солт Лейк хотын Ютагийн их сургуулийн судалгаагаар коронавирусийг илрүүлэх зорилгоор хүн өөрийнхөө шүлснээс авсан сорьц болон эмч хамрын гүнээс авсан арчдасыг шинжлэхэд үр дүн нь ижил гарсан байна. 368 хүний 1100 сорьцыг шинжлэхэд вирус илрэлт дээрх 2 сорьцод ижилхэн 90% байсан байна. Шүлсний сорьц нь хамрын гүний болон хамар залгиурын арчдасыг цуглуулахаас хялбар, шинжилгээ өгч байгаа хүнд хүндрэл багатай юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү