Д.Баярболд: ХӨСҮТ-д 13 том хүн, 1 хүүхэд хоолны хордлогоор тусгаарлагдан эмчлүүлж байна


2020-09-16 12:34:13

Тусгаарлан ажиглах байранд гарсан хоолны хордлогын асуудлаар МХЕГ-ын эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд мэдээлэл хийв.

Тэрбээр “2020.09.14-ний өдрийн 22.50 цагт ХӨСҮТ-өөс мэргэжлийн хяналтын байгууллагад Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа "Дрийм" зочид буудлын тусгаарлах байранд байгаа хүмүүсийн дунд хоолны хордлого, халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдэгдсэн.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн өдрийн 23.00 цагаас эхлэн хяналт шалгалтыг хэрэгжүүлж эхэлсэн.

"Дрийм" зочид буудал нь 2020.03.31-нээс эхлэн тусгаарлан ажиглах чиглэлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2020.08.04-ний өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгай үүргийн онгоцоор ирэх зорчигчидтой холбоотойгоор хяналт шалгалт хийж, улсын байцаагчийн албан шаардлагаар үүрэг даалгавар өгсөн. 3 удаагийн хяналт шалгалт хийгдсэн байдаг. 

Тус зочид буудал нь 2 байртай. Нийтдээ 71 өрөөтэй, 132 ортой үйл ажиллагаа явуулдаг. 

Хоолны хордлого илэрсэн үед халаалт ирээгүй, гадаа хүйтэн, тусгаарлалт байгаа иргэдээс гал тогооны тогооч нарт зарим хоол хүйтэн ирж байгаа талаар хэлж байсан. Хоол үйлдвэрлэлийн хэсэг нь хоёрдугаар байрандаа байрладаг. Нийтдээ 3 тогооч ажилладаг. 

Тусгаарлалт ажиглалт байгаа иргэдийн хоолны цэсийг байгууллагынхаа удирдлагуудаар баталгаажуулдаг. 

2020.08.29-ний өдөр Синей-Улаанбаатарын онгоцоор 81 хүн ирж, тус зочид буудалд ирж тусгаарлагдсан. Хоолны хордлого бүртгэгдэхийн урд өдөр буюу 2020.09.13-нд 56 иргэн ар гэрээсээ эргэлт авсан гэсэн өгүүлэмжтэй. 

Мэргэжлийн байгууллагууд танадалт судалгаа хийж байна. Зочид буудлын 2 байранд нийтдээ 17 албан хаагч ажилладаг. Албан хаагчид хоол үйлдвэрлэх хэсгээс гарсан хоолоор хооллодог. Тэдний дунд хоолны хордлогын шинж тэмдэг илрээгүй. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 13 том хүн, 1 хүүхэд хоолны хордлогоор тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн боловч өөрсдийн хүсэлтээр тухайн байрандаа 4 хүн ажиглагдаж байна.

Илэрсэн шинж тэмдгийн тухайд өдөрт 2 удаа гүйлгэсэн, базалсан. Одоогоор биеийн байдал хүндэрсэн хүн байхгүй" гэлээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү