Д.Нарангэрэл:Дэлхий дахинд өвчлөл 52.000 тохиолдлоор, нас баралт 762 хүнээр нэмэгдсэн


2020-11-20 10:53:07

Эрүүл мэндийн яамнаас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Коронавирусийн халдвар дэлхийн 218 улс бүс нутагт бүртгэгдэж, 55.9 сая хүн өвчилж, 1.3 сая хүн эндсэн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 594.000 хүн шинээр халдвар авсан нь өмнөх өдөртэй харьцуулбал 52.000 тохиолдлоор, нас баралт 762 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Дэлхий дахинд халдварын тархалт эрчтэй хэвээр байна. 

Манай орны хувьд батлагдсан тохиолдол 555 боллоо. Нийслэл болон 5 аймагт багц халдварын голомт бүртгэгдлээ. Нийслэл хотод өвчлөл гарсантай холбогдуулан ЗӨСҮТ-ийн эмч нар голомтын 2 обьектод 1299 ам талбайг халдваргүйжүүллээ.

Тусгай дугаарын 3 утсанд 4600 иргэн хандаж, мэдээлэл зөвлөгөө авсан байна. Иргэдийн хувьд аль болох эмнэлэгт очихоос татгалзаж тусгай дугааруудаас мэдээлэл зөвлөгөө авах нь нэмэгдэж байна" гэлээ.