БЗД-ээс 9, БГД-ээс 3, нэгдсэн эмнэлэгтэй холбоотой 1, ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтал 1 гээд нийт 14 хүнээс халдвар илэрлээ


2021-01-12 11:13:45

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр "2021.01.11-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 15849 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 14 хүнд халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод 14 тохиолдол нэмэгдсэн гэсэн үг. Энэ нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны 2 гэр бүлийн 9 хүнээс халдвар батлагдлаа. Өмнө нь гарч халдвар батлагдаж байсан хүмүүсийн гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрсэн.

Баянгол дүүргийн 6 дугаар хорооноос 1 гэр бүлийн 3 хүн

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүлийн дамжсан халдвартай холбоотой 1

Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтны ойрын хавьтал 1 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр нь тусгаарлалтад байсан бөгөөд анхан болон давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 630 болсон байна. Сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс 7 хүн эмчлэгдэж гарлаа.

Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар бүртгэгдээгүй байна. 

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 956 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 43 хүн эмчлэгдэж гарлаа.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1456 боллоо. Үүнээс 909 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 536 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 1
  • Хүнд 9
  • Хүндэвтэр 95
  • Хөнгөн 427 хүн байна.