Ц.Билэгсайхан: Дөрвөн төрлийн вакцины дараа дархлаа хангалттай үүсэж байгаа


2021-10-08 11:45:27

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл болж, ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан "Цар тахлын гурав дахь давалгаа оргил үедээ хүрсэн. Тиймээс нэн хүнд байгаа хүмүүсийг эхэлж эмнэлэгт хэвтүүлж байна. Ачаалал их байгаа учраас эмнэлэгт хэвтсэний дараа эрэмбэлэх тохиолдол бий. ЭМЯ-наас гаргасан журмын дагуу шинж тэмдэг илэрсэн хүнд 8-10 хоногт эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн бол гэрийн тусгаарлалтад оруулж байгаа. Covid-19-өөс шалтгаалж нас барсан иргэдийн тоон мэдээг долоо хоног тутамд ХӨСҮТ-өөс гаргадаг. Тусгайлан шинжилж байж дүн мэдээг гаргадаг учир тоо зөрөх асуудал байхгүй.

Хамгийн гол анхаарах зүйл бол вакцины тунгаа хийлгэх. Альфагаар өвдсөн хүмүүс ч дельтагаар өвдөх эрсдэлтэй. Тиймээс иргэд халдвараас урьдчилан сэргийлэх тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Эрсдэл бүхий бүлэг өндөр настай, архаг хууч өвчтэй иргэд болон хил гааль, цэргийн ангийн ажилтнуудаа нэмэлт тунд идэвхтэй хамруулах болно. Монгол Улс дөрвөн төрлийн вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа бөгөөд дархлаа өрнүүлэх чадамж хангалттай хэмжээнд үүсч байгаа. Иргэд "Вероселл", "Файзер" вакцинаас дархлаа сэдээх гурав дахь тунгаа сонгож хийлгэж болно.

Өндөр настай, архаг суурь өвчтэй хүмүүсээ гурав дахь тунгийн дархлаажуулалтад идэвхтэй хамруулах чиглэл барьж байна. Мөн стратегийн ач холбогдолтой байгууллагууд буюу хил гааль, цэргийн анги гэх мэт байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүсээ идэвхтэй хамруулах чиглэл бий. 

 

Гурав дахь тунтай холбоотой судалгаанууд хийгдэж байгаа. АШУҮИС, ХӨСҮТ болон нэгдсэн эмнэлгүүд дээр судалгаа хийгдсэн. Судалгааны үр дүнгээс харвал манай улсад хийгдэж буй дөрвөн төрлийн вакцины дараа коронавируст халдварын эсрэг дархлаа хангалттай хэмжээнд үүсэж байгаа. 

Вакцины хос тунг хийлгэснээс хойш 14 дэх хоног дээр эсрэг биеийн титр хамгийн өндөр түвшинд тодорхойлогдож байна. Ингээд тодорхой хугацаа өнгөрхөд сар сараар буурч байгаа учраас дархлаа сэргээх нэмэлт тунг хийж байгаа" гэдгийг хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү