С.Энхболд: Ковидын 4 дэх давалгаа Монгол Улсад эхэлж байна


2022-01-10 09:15:32

Коронавируст халдвар "Ковид-19"-ийн Омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр мэдээлэл хийв. 

Тэрбээр "Нэгдүгээр сарын 9-ний өдөр шинжилгээний дүнгээр дотоодод коронавирусийн Омикрон хувилбарын таван тохиолдол бүртгэгдсэнийг албан ёсоор мэдэгдэж байна. Энэ долоо хоногийн хугацаанд өдөрт батлагдаж буй тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна. 

Сүүлийн хоёр хоногт тохиолдлын тоо өдөрт 1.000-аас дээш бүртгэгдлээ. Улаанбаатарт 700-800, орон нутагт 200-300 тохиолдол бүртгэгдэж байна. Сэлэнгэ, Өмнөговь, Баянхонгор,  Өвөрхангай аймагт өдөрт 50-аас дээш тохиолдол бүртгэгдэж байгаа нь цаашид халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байгаа юм.

Сүүлийн нэг сарын хугацаанд хөдөлгөөний эрчим огцом нэмэгдсэн, тэмдэглэлт баяр өргөн хүрээнд хийгдсэн нь халдварын тоо нэмэгдэх нэг шалтгаан болсон гэж үзэж байгаа. 

Омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн болон дотоодын тохиолдол илэрсэн нь манай улсад дөрөв дэх давлагаа эхэлж байгааг харуулж байна. Эрдэмтэд дөрөв дэх давлагааны оргил үе нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр байх урьдчилсан тооцооллыг гаргасан.

Иргэд та бүхэн айж, сандрах хэрэггүй. Омикрон хувилбар Дельта хувилбартай харьцуулахад хөнгөн шинж тэмдэгтэй байгаа нь олон улсын судлаачдын гаргасан дүгнэлтээр батлагдсан.

Засгийн газар, Эрүүл мэндийн яам энэхүү давлагааг аль болох хөл хорио тавихгүйгээр даван туулахаар хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Иргэд та бүхний оролцоо, хариуцлага, хамтын хүчээр энэ давлагааг хамтдаа даван туулж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү