"Капитал" банкны өрөнд авсан орон сууцнаас ЭМДЕГ-ын ажилтнуудад зээлээр олгожээ


2022-05-10 16:47:07

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонсов.

Тайланг Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Энхболд танилцуулав. Танилцуулгадаа, тайлант онд 3.251,4 мянган даатгуулагч эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, хамралтын түвшин 96.8 хувьтай бөгөөд даатгалд хамрагдсан хүний тоо өмнөх оноос 251,7 мянган даатгуулагчаар нэмэгдлээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулиар  Эрүүл мэндийн  даатгалын санд төвлөрүүлэх нийт орлогын хэмжээ 951.2 тэрбум төгрөг баталснаас 1,002.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө 105 хувьтай биелсэн нь өмнөх оны орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 11 хувиар өссөн. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулиар  зарлагын хэмжээг 1,210.2 тэрбум төгрөгөөр баталсан ба төсвийн гүйцэтгэл 1,208.1 тэрбум төгрөг байна.

    Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,159.2 тэрбум төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг гүйцэтгэлээр тооцон бүрэн олгож, эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардалд 7.5 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгох зардалд 1.1 тэрбум төгрөг, бусад зардалд 40.2 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтыг үндэслэн илүү төлсөн шимтгэлээ буцаан авах хүсэлт гаргасан даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалын сангаас 79.9 сая төгрөгийг буцаан олгоход тус тус зарцуулсан. Эрүүл мэндийн даатгалын сан 2021 оны жилийн эцсийн байдлаар төрийн санд хадгаламж хэлбэрээр 100.0 тэрбум төгрөг, харилцах дансанд 162.1 тэрбум төгрөг, арилжааны долоон банкны харилцах дансанд  156.7 тэрбум төгрөгийн  үлдэгдэлтэй байна. 

    “Капитал” банкнаас авах өрийг барагдуулахтай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны Өр төлбөр барагдуулах тухай 06 дугаар тогтоолоор өр төлбөрт тооцон авах боломжтой 61.7 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 74 үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг баталж, биелэлтийг хангуулж байна. Энэ бүхний үр дүнд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар “Капитал банк” ХХК-иас  авах өр төлбөрөөс 8.1 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр,  06 дугаар тогтоолын дагуу 36.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 39 обьект, Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран 10 обьектийг шилжүүлэн авав. Авлагын үлдэгдэл 91.6 тэрбум төгрөгийг барагдуулах ажлыг 2022 онд үргэлжлүүлэн зохион байгуулан ажиллана гэв.

Энэ үеэр "Капитал" банкны өрөнд авсан орон сууцыг Нийгмийн даатгалын сангийн ажилчдад өгсөн эсэх талаарх мэдээллийн талаар УИХ-ын гишүүн П.Анужин тодруулсан юм.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн" Капитал банкны өрөнд нэлээд хэдэн объект авсан. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2021 онд баталсан журамд “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь сангийн авлагад тооцон авсан орон сууцыг эрүүл мэндийн даатгалын байгууллагын албан хаагч болон иргэн, хуулийн этгээдэд банкны зээлээр болон бэлэн мөнгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно” гэж заасан байдаг.  

Бид Капитал банкны өрөнд авсан орон сууцуудыг ажилтан, албан хаагчдадаа зүгээр өгөөгүй. Албан хаагчид маань үнийн дүнгээр нь банкны зээлд хамрагдаад авах боломжийг олгосон. Манайх Капитал банкны эрх хүлээн авагчаас 29 орон сууц хүлээн авсан. Үүний 19 нь 80 хүртэл м.кв хэмжээтэй. Манай ажилтнууд банкны зээлд хамрагдсанаар, мөнгө нь Эрүүл мэндийн даатгалын санд шилжиж ирэх юм" хэмээв.

Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Эрүүл мэндийн үндэсний зөвлөл дээр Капитал банкнаас үл хөдлөх хөрөнгүүд өрөндөө авсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэх ёстой. Мэдээж эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэхэд онцгой анхаарч байгаа.

Капитал банкны өрөнд авсан байрнуудын үнэ харьцангуй өндөр байдаг. Тиймээс сувилагч, асрагч нартаа өгөхөд асуудалтай юм билээ" гэх хариултыг өгсөн юм.

Түүнчлэн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа гишүүдэд хандан “С.Энхболд сайд, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нар тогтолцоондоо таарсан ажлаа чадах хэмжээндээ сайн хийж байгаа гэж хэлнэ. Бүгд дайрах юм. УИХ-ын гишүүд рүү дайрмаар байна. 2012-2016 онд ЭМД-ын хуулийг баталж, тогтолцоог нь зөв болгосон. Гэтэл өмнөх парламент тогтолцоог буруу болгосон.

Нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжчихээд худалдагчдаа хамаг мөнгөө бариулдаг улс орон гэж хаана байдаг юм бэ. Эрүүл мэндийн даатгуулагчдын эрх ашгийг хэн ч хамгаалж чадахгүй. Бүгдийг нь үрээд дуусч байгаа. Учир нь тогтолцоо нь ийм. Даатгал төлөгчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг Шадар сайдын дэргэд аваачих ёстой. Эргээд даатгал төлөгчдийн мөнгө эрсдэл орж байна” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү