АНУ ЮНЕСКО-гоос гарахааа мэдэгдлээ


2017-10-13 01:02:31 0 153
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гоос АНУ 2018 оны эцсээр гарахаар шийдвэрлэснийг Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хитер Науерт өнөөдөр уламжиллаа.

“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, Израилийг ялгаварлан гадуурхаж байна гэх шалтгааны улмаас болон тус байгууллагад бүрэн шинэчлэл хийх хэрэгтэй байна гэж үзсэний үндсэн дээр АНУ дээрх шийдвэрийг гаргасан байна.

Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Х.Науерт мэдэгдэхдээ “ЮНЕСКО-гоос АНУ гарна гэдгийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны энэ өдөр тус байгууллагын ерөнхий захирал Ирини Боковад Төрийн департамент албан ёсоор мэдэгдсэн. Манай улсын холбогдох албаны хүмүүс энэ шийдвэрээ удаан бодсоны эцэст гаргасан. ЮНЕСКО-д цогц шинэчлэл хийх шаардлагатай байна. Тус байгууллага байнга Израилийг ялгаварлан гадуурхаж байна. АНУ-ын шийдвэр 2018 оны 12 дугаар сарын 31-нээс хүчин төгөлдөр болно” гэжээ.
 
АНУ-ын шийдвэртэй холбогдуулан ЮНЕСКО-гийн тэргүүн, хатагтай И.Бокова өнөөдөр мөн мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “АНУ ЮНЕСКО-гоос гарна гэдгээ өнөөдөр албан ёсоор бичгээр бидэнд мэдэгдсэн. “НҮБ-ын гэр бүл” болон олон талт хамтын ажиллагааны салбарт томоохон гарз хохирол учирч байна” гэжээ. Тэрбээр цааш нь ярихдаа “АНУ ЮНЕСКО-гоос гарахаар шийдсэнд би маш их харамсаж байна. 2011 онд АНУ манай байгууллагад өгдөг санхүүжилтээ зогсооход нь би “Бид бие биедээ хэрэгтэй” гэж хэлж байсан. Харин энэ удаад би “Терроризм, антисемитизм буюу еврейчүүдийг үзэн ядах үзэл газар авч, хүний эрхийг ноцтой зөрчих болсон энэ цаг үед ЮНЕСКО болон АНУ хамтран ажиллах нь юу юунаас илүү чухал гэдгийг онцлон тэмдэглэе” гэжээ.

Израиль болон ЮНЕСКО нь сүүлийн саруудад таагүй харилцаатай байгаа юм. Израиль бол Иерусалимыг “булаан эзлэгч” гэж ЮНЕСКО мэдэгдсэнтэй холбоотойгоор Тель-Авив НҮБ-ын харьяа тус байгууллагад жил тутам өгдөг санхүүжилтээ танасан билээ.
 
ЮНЕСКО нь боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаагаар дамжуулан хууль, хүний эрхийг хүндэтгэн дээдлэх, хөхиүлэн дэмжих зорилгоор 1945 онд НҮБ-ын ивээл дор байгуулагдсан олон улсын байгууллага юм.
 
montsame.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү