Б.Янжмаа: Судалгаагаар 11 орон хөл хорио тогтоосноор 59000 хүн амиа алдахаас сэргийлж чадсан


2020-04-01 12:01:28

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар гадаад орны нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа. Тэрбээр "АНУ-д өнгөрсөн нэг хоногийн хугацаанд 800 гаруй нас баралт шинээр бүртгэгдэж, нийт нас баралтын тоогоор Хятад улсыг давсан байна. Испани, Их Британи, Франц улсуудад нас баралт өмнөх өдрүүдээс өссөн байна.

Тухайлбал, Испани 748, Их Британид 381, Францид 499 нас баралт бүртгэгдсэн байна. Франц улсын хувьд нас баралтын бүртгэл зөвхөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан хүмүүсийн бүртгэл гэдгийг тус улсын Эрүүл мэндийн байгууллагаас онцлон тэмдэглэсэн. Одоогийн байдлаар тус улсад 22700 гаруй хүн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 5500 гаруй нь эрчимт эмчилгээнд орсон байна.

Харин Итали улсын хойд Ламбарди мужид нас баралт бага багаар буурч байна. Даваа гарагт 458, мягмар гарагт 381 нас баралт тус тус бүртгэгдсэн байна. Үндсэндээ гуравдугаар сарын 25-наас хойш нас баралт буурч байгаа юм байна.

Их Британид хийгдсэн судалгаагаар Европын 11 улсад хөл хорио тогтоосны үр дүнд 59 мянган хүний амь насаа алдахаас сэргийлж чадсан хэмээн дүгнэжээ. Дээрх арга хэмжээний үр дүнд вирусийн үржих түвшнийг дунджаар 64 хувиар бууруулж чадсан гэж дүгнэсэн байна. Уг судалгааг нөхцөл байдалтай уялдуулан үргэлжлүүлэх юм байна.

БНСУ-д мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор гадаадын улс болон байнга оршин суудаггүй иргэд тусгайлан бэлдсэн байранд карантилагдаж байгаа. Оршин суудаг зөвшөөрөл бүхий иргэд өөрийн оршин суудаг орон байрандаа хөл хорионд тусгаарлагдана. Үүнийг  зөрчвөл 3 сая хүртэл воны торгууль ногдуулах бол дөрөвдүгээр сарын 5-наас торгуулийн хэмжээ 10 сая хүртэл вон болгож, эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд нэг жил хүртэл хорих ялаар шийтгэх яг ногдуулахаар болжээ" гэв.