Б.Янжмаа: Энэтхэгт халдварын улмаас 3000 гаруй хүн эндлээ


2020-05-18 12:19:27

Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Дэлхийн хэмжээнд халдварын тоогоор АНУ, ОХУ, Их Британи, Бразил улс тэргүүлсэн хэвээр байна

АНУ-ын хувьд нийт халдварын авсан хүний тоо 1.4 сая гаруй байгаагаас 89.000 гаруй нь нас барж, 281.000 нь эдгэрсэн байна. Одоогийн байдлаар тус улсад 1.1 сая гаруй хүн идэвхтэй халдвартай байна.

БНЭУ-д нийт халдвар авсан хүний тоо 95.900 гаруй байгаагаас 3000 гаруй нь нас барж, 36.000 эдгэрчээ. Одоогийн байдлаар 58.000 гаруй хүн идэвхтэй халдвартай байна. Үүнтэй холбогдуулан Энэтхэг улсадз хөл хориог дахин 14 хоногоор сунгах болж байна. Мөн дотоодын зорчих хөдөлгөөнийг хориглосон хэвээр байна. Түүнчлэн сургууль, цэцэрлэг, худалдааны төв, нийтийн хоолны үйлчилгээ, сүм хийд, кино театр зэрэг хүн олноор цугладаг газруудын үйл ажиллагааг хаасан хэвээр байна.

Номхон далайн баруун бүс Сингапур улсад өчигдөр гадаад ажилчдын дотуур байрнаас голомттой халдварын тохиолдол 682-аар нэмэгджээ.

БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр шөнийн клубын голомтод халдвараас эхтэй халдварын тоо өчигдөр 9-өөр дахин нэмэгдэж, 170 болжээ. Мөн тус улсад 6 тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт 11.065 болж, нас баралт 1-ээр нэмэгдэж, нийт 263 болжээ. Тус улсын хувьд нас баралтын хувь 2.38 байна.

ХБНГУ-д өчигдөр 283 шинэ  тохиолдол, 33 нас баралт шинээр бүртгэгдсэн. Нийт халдвар авсан хүний тоо 174.000 гаруй байгаагаас 153.000 гаруй нь эдгэрч, 7314 хүн энджээ. Герман улсын халдварлалтын индекс өнгөрсөн 7 хоногийн байдлаар 0.87 байжээ” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү