Конго Улсын Ерөнхийлөгчийн ажлын албаны дарга хээл хахууль авсан асуудлыг шүүх хурлын эхэнд үгүйсгэв


2020-05-20 10:17:29

Ардчилсан Конго Улсын Ерөнхийлөгчийн ойрын хүн болох Камерегийн улсын төсвийн 50 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө шамшигдуулсан хэргийн шүүх хурлын явцыг үндэсний телевизээр шууд дамжуулж байна. Өндөр түвшний авлига ихээхэн түгээмэл Конго Улсад Витал Камере нь хээл хахуулийн асуудлаар шүүх дээр ирээд буй хамгийн өндөр албан тушаалтан болж байна. Тэрээр ирэх 2023 оны ерөнхийлөгчийн сонгуульд дэмжинэ гэсэн Феликс Цисекедийн амлалтын дагуу ерөнхийлөгчийн 2018 оны сонгуульд түүнийг дэмжсэн. Дөрөвдүгээр сарын 8-нд болсон түүний баривчилгаа нь тус улсыг засгийн эрхэнд буй улс төрийн эвслийг цочролд оруулсан асуудал байв. Хэрэв Камере нь буруутайд тооцогдвол 20 хүртэл жилийн хорих ял авах ба дараагийн сонгуульд оролцох боломжгүй болох юм.

Шүүх дээр ерөнхийлөгч Цисекедийн нийгмийн халамжийн санхүүжилтийн хүрээнд 100 өдрийн хөтөлбөрийн хөрөнгөд гар хүрээгүй хэмээн 61 настай Камере мэдэгдсэн. “Конго Улсын ард түмний боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарын хэрэгцээг хангахад чиглэгдсэн ажлууд хэрхэн явагдаж буйд би ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс хяналт тавьж оролцсон” хэмээн тэрээр мэдэгдсэн. Түүнээс гадна хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтан тус асуудалд холбогдоод буй юм. Камерэгээс гадна Ливан Улсын бизнес эрхлэгч, Цисекедийн ахлах туслах Жеанот Мухима нар тус хэрэгт холбогдоод байна. Тэрээр буруугуй хэмээн мэдэгдэж байгаа ба шүүх хурал 5 дугаар сарын 25-нд үргэлжилнэ. Камере нь батлан даалтад гарах хүсэлт тавьсан тул шүүх 48 цагийн дотор энэ талаар шийдвэр гаргах ёстой болоод байна. Үндэсний ассамблейн дарга асан Камерегийн баривчилгаа нь түүний Цисекедийнтэй байгуулсан эвслийн гүнзгийн ан цавыг ил болгов. Цисекедийгийн боломжит өрсөлдөгчөө устгаж буй асуудал хэмээн зарим нэг Камерегийн хамтрагчид мэдэгдэв. Ерөнхийлөгч үүнд ямар нэгэн тайлбар хийгээгүй. Авлига ихээхэн түгээмэл байсан өмнөх ерөнхийлөгч Жосеф Кабилагийн үетэй харьцуулахад тус шүүх хурал Цисекедийгийн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлэлийг илэрхийлнэ хэмээн авлигын эсрэг тэмцэгчид тэмдэглэж буй юм. Зэс, кобальт, алтны асар их нөөцтэй Конго Улс нь дэлхийн хамгийн ядуу улс орны нэг бөгөөд дотоодын болон гадаадын байгууллагууд тус улсын төрийн өндөр түвшнийхэн авлигад ихээр автсаныг нэг бус удаа онцолж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү