Б.Янжмаа: Ковид-19-ээс хамгаалах эмийг 40.000 эмнэлгийн ажилчин дээр туршина


2020-05-22 12:22:42

Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Дэлхийн хэмжээнд халдвар хамгийн өндөр бүртгэгдсэн улсуудад АНУ, ОХУ, Бразил, Их Британи, Испани, Итали, Франц, Герман, Турк, Иран  багтаж байна.

АНУ-д өчигдөр 22.000 гаруй шинэ тохиолдол, 1.400 шахам нас баралт нэмж бүртгэгдсэн байна. ОХУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8.800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, батлагдсан халдвартай хүний тоо 317.000 гаруй болжээ.

Бразил улсад 18.500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, тус улсын нийт тохиолдлын тоо 310.000 гаруй болжээ. Мөн өдөр 118 нас баралт бүртгэгдэж, нийт эндэгдэл 20.000 давжээ.

Европ тивд халдвар хамгийн өндөр байсан Испани, Итали, Франц улсуудад шинэ халдварын тоо болон нас баралт өдрөөс өдөрт буурч байна.

Өчигдөр Франц улсад 83, Испанид 48, Италид 156 нас баралт бүртгэгджээ. Франц улсад өчигдрийн байдлаар эрчимт эмчилгээнд 1745 хүн байна гэж мэдээлжээ.

Харин Италид өдөрт шинээр бүртгэгдэж байгаа халдварын тоо дунджаар 600 гаруй байгаа бөгөөд одоогийн байдлаар 60.000 гаруй хүн халдвар аваад байна.

Номхон далайн баруун бүсэд Япон улсад өчигдөр зарим мужийн онц байдлыг цуцалсан байна. Эдгээр мужинд 100.000 хүнд ногдох шинэ халдварын тохиолдол 0.5-аас бага болж буурсан бөгөөд мөн тэдгээр бүс нутагт нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн хангамж, нөөцийг бүрдүүлж чадсан гэж үзсэн учраас онц байдлыг цуцалжээ. Харин Токио түүний зэрэглэдээ мужид дээрх үзүүлэлт хараахан хангагдаагүй байгаа тул онц байдлыг хэвээр үлдээжээ.

Сингапурт өчигдөр 448 шинэ тохиолдол бүртгэгдэн, тус улсын нийт тохиолдол 29.800 гаруй  болсон байна. БНСУ-д 20 тохиолдол шинээр бүртгэгджээ.      

Оксфортын их сургуулийн судлаачид ахалсан томоохон судалгааг эхлүүлжээ. Уг судалгаанд хумхаа өвчний эсрэг эмчилгээнд хэрэглэдэг эмнүүд ковид 19 халдвараас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй эсэхийг тогтоох зорилготой юм. Уг судалгаанд Европ, Ази, Африк, Өмнө Америкийн улсуудын халдвартай  хүмүүстэй тулж ажиллаж байгаа нийт 40.000 эмнэлгийн ажилчдыг хамруулж судалгаа хийхээр болжээ. Судалгааны үр дүнд дээрх эмүүдийг хэрэглэж болох эсэхийг тогтооно. Судалгааны дүн 2020 оны төгсгөл гэхэд гарна гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү