Ж.Амгалан: Хүссэн болгонд нь QR код олговол хөл хорионы утга алдагдана


2021-04-28 21:18:36

Улсын Онцгой комиссийн шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой аль болох олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч байна. Зөвшөөрөгдсөн 15 байгууллагын 45.000 орчим тээврийн хэрэгсэлд QR код олгоод байна. Цаашид нэмж QR код олгохгүй байх чиглэлд анхаарч ажиллахыг мэдээллээ.

Энэ талаар Ж.Амгалан хурандаа "Халдварын цар тахлын хүрээг хумих, тохиолдлын тоог бууруулахын тулд хатуу хөл хорио тогтоох болон вакцинжууулалт чухал. Тиймээс олон нийтийн хөдөлгөөнийг аль болох хязгаарлах үүднээс улаан бүст хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргаад байна. Энэ хүрээнд тээврийн хэрэгсэл болон явган хүний хөдөлгөөнийг аль болох хязгаарлах арга хэмжээ авч ажиллаж байна. Засгийн газрын тогтоолын дагуу мэргэжлийн болон холбогдох байгууллагынхны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг зөвшөөрөгдсөн байгууллагын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох түр журмыг боловсруулсан. 8495 байгууллагын 45.000 гаруй тээврийн хэрэгслийг бүртгэж, QR код олгох ажлыг зохион байгуулаад байна.

QR код олгох хүсэлтийг цахимаар авах ажлыг цаашид багасгана. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг багасгах юм. Хүсэлт гаргасан хүн бүрд QR код олгоод байвал нэмээд 100,000 гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохоор болчихоод байна.

Энэ нь хатуу хөл хорионы үед ажиллах шаардлагатай байгууллага, албан хаагчдын хувьд хүрэлцээтэй олгогдсон гэж үзэж байгаа. Хэрэв QR код хүссэн бүрт нь өгвөл хатуу хөл хорионы үр дүн суларна. Хэрэв үлдсэн 10 хоногийн хугацаанд хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, хатуу хөл хориогоо хэрэгжүүлж,  халдвар хамгааллаа чанд сахиж чадвал халдварын хүрээг хумих, тохиолдлын тоог бууруулах боломж бүрдэнэ" гэлээ.

QR код олгосноор өмнөх 14 хоногийн хөл хорионы үеэс авто замын хөдөлгөөн буурчээ.

QR кодыг бусдад шилжүүлсэн, худалдсан, зориулалтын бусаар ашигласан, цагийн  хязгаарыг зөрчсөн бол цуцалж хүчингүй болгох зохицуулалттай аж. Мөн тухайн QR кодыг эзэмшигчийн хүсэлтээр хүчингүй болгох боломжтойг хэллээ. Харин бусдад шилжүүлсэн, худалдсан бол QR кодыг хүчингүй болгоод зогсохгүй Зөрчлийн хуулиар торгох арга хэмжээ авахыг мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү