Л.Бямбасүрэн: Хуулиас гадуур, эрх мэдэл хэтрүүлсэн нэг ч үйлдэл байхгүй


2022-05-11 19:12:50

"Капитал" банкны өрөнд хураагдсан орон сууцнаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ажилчдад ипотекийн зээлээр олгосон асуудалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн тайлбар хийлээ.

Тэрбээр "Капитал банкны өрөнд хураагдсан орон сууцыг ЭМДЕГ худалдан борлуулахтай холбогдсон мэдээллийг хэрхэн мушгин гуйвуулж, улс төрийн зорилгоор “сэвж” байгаа үйл явцыг нэлээд ажиглалаа. Ямар ч хууль зөрчөөгүй учир үнэн аяндаа тодорч, ус тосоороо ялгарна гэж итгээд сошиал постуудтай зэрэгцэн яаран сандран тайлбар мэдэгдэл хийхийг ч хүссэнгүй. Гэтэл ажил хариуцсан хүний хувьд хэдэн үг хэлэхгүй бол болохгүй юм байна.

УИХ-аас байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл гэж бий. Уг зөвлөлийн 2021 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан ЭМД-ын сангийн авлагад үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах, хадгалах, хамгаалах, ашиглах, түрээслэх, худалдан борлуулах журамд “ЭМДЕГ нь сангийн авлагад тооцон авсан орон сууцыг тус байгууллагын албан хаагчид болон иргэн, хуулийн этгээдэд зах зээлийн ханшаар банкны зээл болон бэлэн мөнгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно. Энэ тохиолдолд дуудлага худалдааг зохион байгуулахгүйгээр шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Бид энэ хүрээнд авлагад хураагдсан 29 орон сууцнаас ипотекийн зээлд хамрагдах боломжтой буюу 80 м.вк-аас доош хэмжээтэй 19 орон сууцыг худалдан борлуулахаар худалдах, худалдан авах гэрээг байгуулаад байна. Өнөөдрийн байдлаар 5 иргэний ипотекийн зээл шийдвэрлэгдсэн бөгөөд арилжааны банкнаас даатгалын санд төвлөрүүлэх юм. Үлдсэн 80 м.кв-аас дээш талбайтай орон сууцыг нээлттэй дуудлага худалдаанд оруулна.

Цөөхөн тоотой орон сууц гэдгийг Та бүхэн ойлгож байгаа байх. ЭМДЕГ-т ажилладаг жирийн албан хаагчдаа дэмжих л зорилготой. Түүнээс биш энэ тэнд бичээд сэвээд байгаа шиг хэдэн дарга нартаа том м.кв-тай байр шахаад байгаа юм байхгүй. Миний оронд ямар ч дарга байсан хууль журмаараа боломжтой байхад цөөн ч гэсэн хэдэн албан хаагчаа цалингийнх нь зээлийн хүрээнд байр сууцтай болгочихьё гэж бодож л таарна. Байрны төлбөр 100 хувь Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрч байгаа.

Бид өрөнд хураагдсан байрыг хэзээ хэнд зарагдаж, төлбөр нь даатгалын санд орж ирэхийг хүлээж зүгээр суулгүйгээр төрийн албан хаагчдаа дэмжсэн, нөгөө талдаа улсаа ч хохиролгүй болгох менежмэнт л хэрэгжүүлсэн төдий. Үүнийг мушгин гуйвуулж, албан тушаалаа ашигласан мэтээр сэвж байгаад үнэхээр харамсаж байгаа ч хуулиас гадуур, эрх мэдэл хэтрүүлсэн нэг ч үйлдэл байхгүй учир төдийлөн санаа зовохгүй байгаа юм. Цаашид мэдээлэл бэлтгэж байгаа нь ч, түгээж байгаа нь ч асуудлаа ойлгож, үнэн зөв бодитой хандаасай гэж хүсэх байна" гэжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү