Баянгол дүүргийн гэрэлтүүлгийг улам бүр сайжруулахын тулд хамтарсан уулзалт хийлээ


2022-08-17 13:06:04

Нийслэлийн Баянгол дүүргээс иргэдийнхээ ая тухтай амьдруулах боломжийг бүрдүүлэхийн тулд тохижилт, бүтээн байгуулалтын ажилд ихээхэн анхаарч ажиллаж байгаа билээ. Тэрдундаа дүүргийнхээ өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд гэрэлтүүлгийг нэмэхэд анхаарч ажилладаг. Энэ онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2, 5, 7, 8, 10, 18, 19, 20, 22, 24-р хороонд нийт 102 ширхэг гэрэлтүүлэг суурилуулах ажлыг “Спейшл тим ап” ХХК он дамжин гүйцэтгэж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар гэр хороололд 30, орон сууцны хороололд 45 ширхэг гэрэлтүүлэг суурилуулжээ.

Дүүргийн хэмжээнд Тээвэрчдийн гудамж, Ард аюушийн өргөн чөлөө, Магсаржавын гудамж, Амарсанаагийн гудамж, Нарны зам дагуу 285 ширхэг ДНАТ гэрэлтүүлгийг ЛЕД-ээр сольсон байна.

Баянгол дүүргийн хэмжээнд нийт 7804 ширхэг гэрэлтүүлэг байдаг бөгөөд байнгын ашиглалт засвар үйлчилгээг “Төгс гэрэлтүүлэг”, “Ар хөвчийн эрчим”, “Жи Эл Эм Си” компаниуд хариуцан ажилладаг. Гэрэлтүүлгийн компаниудын гүйцэтгэж байгаа ажил, тулгамдаж байгаа асуудал болон гэр хороолол, явган хүний зам, төв замын гэрэлтүүлгийг сайжруулах зэрэг хэд хэдэн асуудлаар компаниудын төлөөлөл болон Нийслэлийн Зохицуулах зөвлөлийн орон тооны мэргэжилтэн Ц.Бугасүрэн нартай хамтарсан уулзалтыг дүүргийн Засаг даргын ажлын албанаас зохион байгууллаа.

Уулзалтын үеэр гэрэлтүүлгийн компанийн төлөөллүүд эрчим хүчний зардал бага, чанарын шаардлага хангасан стандартад нийцсэн гэрлүүдээр шатсан, ашиглалтын хугацаа дууссан гэрлүүдийг солихоос гадна ил гарсан цахилгааны утсыг аюулгүй болгох, насжилтаас хамаарч өнгө үзэмж муудсан гэрлийн шонгуудыг будаж шинэчилж байгаа гэдгийг онцоллоо.

Тэд ажил гүйцэтгэх явцад тулгамддаг асуудлын талаар мэдээлэл өгсөн. Үүнд,

  • Гэрэлтүүлгийн шон суурилуулсан газарт явган хүний зам тавих
  • Зам шинээр тавьж байгаатай холбоотойгоор шугам гэмтээх, тэжээлийн холболтыг салгах
  • Гэрлийн шонгуудад шилэн кабелийн утас их байгаагаас татагдаж улмаар хазайлт үүсэх
  • Өндөрлөгт байрладаг гэр хорооллын гэрлийг засварлах үед машин гаргахгүй байх. Мухар гудамж их байдгаас ажил явуулахад хүндрэл тулгарах
  • Гэрэлтүүлгийн самбарын цоожийг эвдэж соронзон пускателийг хулгайлах
  • Хариуцлагагүй жолооч нар гэрлийн шон мөргөх зэрэг зөрчил их гардаг гэв.

Мөн төв зам дагуу байрлуулсан гоёлын болон туузан гэрлүүдэд анхнаас нь хамгаалалт хийгээгүйгээс асахаа больсон. Иймд хөрөнгө мөнгөний асуудлыг шийдээд өгчихвөл асаах боломжтой гэдгийг ч онцоллоо.

Дүүргийн төсвийн хөрөнгөөр нийт 6 гудамжны гэрэлтүүлэг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд:

  • П.Жасрайн гудамж
  • Ж.Раднаабазарын гудамж
  • Хасбаатарын гудамж
  • Хатанбаатар Магсаржавын гудамж
  • Өндөр гэгээн Занабазарын гудамж
  • 113-р сургуулиас хойшхи зам дагуух гэрэлтүүлгийн шинэчлэлтийн ажлыг эхлүүлэхээр зураг төсвийг батлуулаад байгаа юм.

Уулзалтын үеэр гэрэлтүүлгийн компаниуд болон холбогдох хэлтсүүд хамтран дүүргийн өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хаана ямар гэрэлтүүлэг хийх талаар судалгаа гаргах мөн хөрөнгө оруулалтын саналаа өгөхийг үүрэг болголоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү