"Трафигура”-ийн Э.Жононбаярт "базуулсан" улстөрчдийг нэрлэнэ


2021-08-02 13:36:15

Шатахууны үнэ сар хүрэхгүй хоногийн хугацаанд 600 төгрөгөөр нэмэгдэв. Дайны хажуугаар дажин гэгчээр өндөр өртөгтэй цэвэр шатахуун бус хуурамч шатахууны шахаж байгаа явдал иргэдийг бухимдуулах боллоо. Үнэндээ "Трафигура” хэмээх нэр монголчуудын дунд 2015 оноос эхлэн танигдах болж. Сайнаар гэхээсээ саараар. Зүй нь "Трафигура” хэмээх танил маань бидний амин зуулгын шалтгаан, улсын маань стратегийн  бүтээгдэхүүн болсон шатахуунаар маань "оролддог” таагүй үйлдэлтэй компани юм.

2015 оны 11 сард онцгой албан татварын хувь хэмжээг 400.000 төгрөг, дизель түлшинд 520.000 төгрөг болгож тогтоосноос хойш дээрх керосин, нафта хольсон хуурамч шатахууны бизнес огцом нэмэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, шатахууныг дээрх бодисуудаар шингэлэн найруулж, арвижуулаад чанаргүй, хуурамч шатахуун болгодог гэсэн үг. Улмаар “хольж” аривжуулсан шатахууныг Монголдоо дээгүүрт ордог шатахуун түгээх станцууд худалдаж, хэрэглэгчдэд “шахдаг” байна. Ингэж найруулсан шатахуун нь машины бензин насос, явах эд ангийг маш богино хугацаанд эвддэгийг холбогдох албаны хүмүүс баримт, судалгаатайгаар  гаргасан байдаг.

Хуурамч шатахууны түүхий эд болох керосин, нафтад онцгой албан татвар тогтоодоггүй. Мөн оруулж ирэхэд ямар нэгэн зөвшөөрөл шаарддаггүй аж. Хэдийгээр дээрх түүхий эдэд хориг тавих, эс бөгөөс онцгой албан татвар ногдуулах нь зүйтэй гэх санал хаа нэг чих дэлсдэг ч төдийлөн авч хэлэлцдэггүй. Тиймдээ ч 2015 оноос өмнө жилдээ 30 орчим мянган тонн орж ирдэг байсан бүтээгдэхүүн 2016 оноос хойш 100 мянга гаруй тонн болтлоо өсчээ. Тодруулбал, зөвхөн 2017, 2018 оны байдлаар Монгол Улсын хилээр дээр нэр дурдсан, хуурамч шатахуун үйлдвэрлэх гол түүхий эд болох бодисыг нийтдээ 202 мянган тонныг оруулж ирсэн байна.

Хуурамч шатахууны “үйлдвэрлэгч”-дийн томоохон төлөөлөл нь өнөөх "Трафигура Монгол” компани. Тус компанийн захирал нь Эрдэнэсүрэнгийн Жононбаяр гэгч. 1987 онд төрсөн Э.Жононбаяр нь хуурамч шатахууны асуудлаас гадна олон сая төгрөгийн оффшор гүйлгээний асуудалтай хүзүү сээрээрээ хэлхэлддэг.

Түүнээс гадна улсад их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн асуудалтай ч нэр холбогдох нь бий. Гэвч Гаалийн байгууллагад олон жил ажиллаж, өндөр албан тушаал хашиж байсан ээжийнхээ буянаар хуулийн байгууллагын хаалга татдаггүй. Тодруулбал, түүний ээж ГЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Эрдэнэсүрэн гэгч эмэгтэй бий. Хуурамч шатахууны түүхий эдийг хил, гаалиар нэвтрүүлэхэд ямар ч саад тотгор учирдаггүй нь ийн шалтгаантай. Уул уурхайн бизнест ч гараа шургуулж амжсан Э.Жононбаярын арыг төрд сандайлсан олон эрхэм даадаг буюу тэрбээр тэднийг санхүүжүүлдэг гэж байгаа.

Тийм биш бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарт "Трафигура”-д тал засах шалтгаан юусан. Тэдэнд татгалзахын аргагүй санал тавьчихаагүй бол хуулийг гууль болгон, иргэдийг мэхэлж, эд хөрөнгө, сэтгэл санаагаар нь хохироож байгаа асуудлыг хараад суухгүй биз.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү