С.Амарсайхан: Өнөөдрийн байдлаар 192.000 тун вакцин байна


2021-04-10 16:59:19

Улсын хэмжээнд өнөөдрөөс эхлэн хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Энэ хугацаанд ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтыг 2 дахин нэмэгдүүлнэ гэх мэдээллийг Засгийн газраас өгч байсан ч Эрүүл мэндийн яамнаас вакцинжуулалтыг зогсоосон талаар мэдээлсэн.

Тэгвэл эл асуудалтай холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

С.Амарсайхан "Засгийн газар, УОК-ийн шийдвэрийн дагуу улсын хэмжээнд хатуу хөл хорионы дэглэм өнөөдрөөс эхлэн мөрдөгдөж байна. ХӨСҮТ, Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн зөвлөлөөс нөхцөл байдлын эрсдлийн үнэлгээг хийж, хатуу хөл хориог тогтоох саналаа УОК, Засгийэн газрын хуралдаанаар хэд хэдэн удаа хэлэлцүүлсэн.

Өнгөрсөн хугацаанд салбар яамнаас санал оруулсан хатуу хөл хориог Засгийн газар эсэргүүцэж, аль болох иргэд, аж ахуйн нэгж байгууллагын дэмжиж ажиллах чиглэл баримталсан. Харамсалтай нь, цаг үеийн нөхцөл байдал хүндэрч, тохиолдлын тоо нэмэгдэж, тэр хэрээр хүндрэх эрсдэл үүссэн. Иймээс хатуу хөл хорио тогтоох шийдэл гаргасан. Энэ хугацаанд

  • Халдварын тархалтыг нэн тэргүүнд бууруулах
  • Вакцинжуулалтын ач холбогдлыг бууруулахгүй байх
  • Хөл хорио тогтоосноос хойш халдварын дэгдэлтийг бий болгохгүй байх тал дээр бүхий л арга хэмжээ авч ажиллах.

Аль болох хатуу хөл хориог үр дүнтэй өнгөрүүлэх нь чухал. Хөл хорионы хугацаанд вакцинжуулалтыг давхар явуулж болохгүй гэсэн Эрүүл мэндийн яамны зөвлөмж зөвлөгөөг бид дагаж байгаа. Вакцины нөөц, татан авалт төлөвлөгөөний дагуу явж байгаа. Вакцины нөөц тасраагүй. Өнөөдрийн байдлаар 192.000 тун вакцин байна. Вакциныг хөл хорионы үеэр давхардуулан явуулах нь халдварын тархалтыг нэмэгдүүлэх, багадаа өдөрт 100-150 иргэн вакцинд хамрагдахын тулд хөл хөдөлгөөн хийх, ингэснээр хатуу хөл хорионы ач холбогдол үгүй болох эрсдэлтэй" гэлээ.

Вакцины эхний тун хийлгэсэн 864 иргэн халдварт өртсөн байна. Дархлаажуулалтыг энэ сарын 25-наас эрчимжүүлэхээр болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү