Ц.Анандбазараас тойрон хүрээлэгчид нь зайгаа барьж эхэллээ


2021-04-29 10:55:52

Иргэн Б.Сүндэрьяа болон олон охидыг хүчирхийлсэн гэх дуулианд нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын асуудлыг УИХ дахь Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор авч хэлэлцэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэгджээ.

Тус байнгын хорооны дарга нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ юм. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Бат-Эрдэнэ нар нэлээд дотно харилцаатай нөхдүүд. Ихэнхдээ нэгнийгээ дэмжиж, санаачилсан хуулийн төслийг нь сайшаах нь элбэг. Тухайлбал, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хүмүүнлэгийн салбарын эцэг хууль болох ёстой бөгөөд хуулийн төслийг хамтдаа өргөн мэдүүлж байв. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Ц.Анандбазар “Б.Бат-Эрдэнэ аварга монгол наадмын зүлэг ногоон дэвжээнд хамгийн жудаг сайтай ийм сайхан бөх байсан. УИХ-ын гишүүн болоод хүн чанар, хүний мөсөөр хамгийн сайхан гишүүдийн нэг гэж би боддог. Хэрэв Б.Бат-Эрдэнэ аварга шиг таван гишүүн байвал манай УИХ-ын өнгө их сайхан болно” хэмээн магтаж байсан удаатай.

Үнэндээ бэлгийн хүчирхийлэл, дарамттай холбоотой асуудлыг хэлэлц хэмээн үүрэгдсэн Спикер ч Ц.Анандбазартай дэндүү дотно харилцаатай. 2020 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвших мандатыг намын даргаас гуйж олж өгч явсан нэгэн гэдгийг нь улс төрийн хүрээнийхэн андахгүй.

Гэвч Б.Сүндэрьяагийн хэлснээр 1000 орчим бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн дуулиан нь түүнийг тойрон хүрээлэгчдээс нь хөндийрүүлж эхэлсэн нь энэ. Мөн нутгийн залуус нь түүнийг өөрийн хүсэлтээр шалгуулж, нутгийн болон залуучуудынхаа нэр хүндийн цэвэрлэх шаардлага тулгаад байгаа юм. Эс бөгөөс эгүүлэн татах эсэргүүцлийн хөдөлгөөн зарлахаа ч мэдэгдсэн.

Үүнээс урьтаж УИХ-ын түвшинд Ц.Анандбазарын асуудлыг хэлэлцэхээр боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү