“Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх” төслийн 1 сая ам.доллар бас хааччихав аа, А.Ариунзаяа Сайд аа!


2021-09-10 09:39:12

Дахиад л Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд, дарга нартай холбоотой  төсөл, хөтөлбөрүүдийн ээлжит нэгэн баримтыг АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа Танаа дэлгэе!

ХНХЯ-нд гадаадын буцалтгүй тусламж, урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр тус бүр нь 1 сая ам. долларын санхүүжилттэй 12 төслийг 2020-2021 онд хэрэгжүүлсэн байдгийг бид өмнөх цуврал нийтлэлдээ дурьдаж хөндсөн. Энэ 12 төслөөс 8 төслийнх нь гүйцэтгэл, үр дүнгийн талаар ямар нэгэн мэдээ, мэдээллийг тус яам тайлан болон шилэн дансандаа огт тусгаагүй нь сэжигтэй бөгөөд, өөрөөр хэлбэл ард иргэд, нийгэмд ил тод байлгах учиртай хуулийг зөрчин яагаад нууцлав гэдгийг эрэн сурвалжилж эхнээс нь илчилж бичиж эхэлсэн билээ.

Тус яамныхан Японы Засгийн газрын буцалтгүй тусламж болох 1.2 сая ам.долларын санхүүжилттэй “Ковид-19 цар тахлын үеийн нийгмийн ядуурлыг тэгш байдлын өгөгдөл ашиглан судлах нь” нэртэй төслийг хэрхэн хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрснийгээ хэнд ч мэдэгдэлгүй, тайлагналгүй “залгичихсан” шигээ бас нэгэн төслийг А.Ариунзаяа сайд өөрөө шууд биечлэн хариуцсан ажил үүргийнхээ хүрээнд “алга” болгочихсон байх нь хачирхалтай санагдаж байна.

Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр ХНХЯ-наас “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх” нэртэй төсөл хөтөлбөрийг 2015-2021 он хүртэл 5 жилийн хугацаанд санхүүжүүлж, хэрэгжүүлэхээр болж АХБ-наас 25 сая ам.долларын хөнгөлттэй зээлийг олгосон байдаг.

Монголын хөгжлийн нэн тэргүүний шаардлага болсон хөдөө, аж ахуй, барилга, зам тээврийн салбарт мэргэжлийн боловсрол, сургалт зохион байгуулах, энэхүү сургалтыг явуулах үндсэн баазыг бий болгох, тогтолцоог бүрдүүлэх нь төслийн гол зорилго гэж тодотгосноос харахад төслийн ач холбогдол бол асар их байж.

Гэвч энэ төсөл хэрэгжсэн эсэх өнөөг хүртэл тодорхой бус явж иржээ. Зорилтот салбарууд дээр нь энэ 5 жилийн хугацаанд ямар ч ахиц гарсангүй. Тухайн үед төслийн хэрэгжих хугацаанд Монголын мэргэжлийн боловсролын салбарыг дэлхийн жишигт хүргэсэн байх болно хэмээн тэр үеийн сайдынх нь  амлаж байсан бичлэг нь байна. Тэгээд энэ салбар дэлхийн жишигт хүрсэн нь хаана байна. Энд асар их мөнгө цутгасан. Тэр мэргэжлийн боловсрол, сургалтын суурь бааз, тогтолцоо ч бахь байдгаараа. Мэргэжилтэй ажиллах хүчин барилга, зам тээвэр, хөдөө, аж ахуйн салбар дутагдаж, ангаж цангаж, хатаж байна.

Тэгэхээр төсөл ямар ч үр дүнгүй болсон гэсэн үг мөн үү, А.Ариунзаяа сайд аа!

Магадгүй Та энэ төсөл надад хамаагүй өмнөх сайд нартай холбоотой гэсэн улигт тайлбараа өгөх гэж байна уу?  Тэгвэл яг Танд хамаатай баримтыг нь сугалж онцлоё л доо Сайд аа!

“Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг дээшлүүлэх” төслийн хаалтын жилийн хүрээнд танай яаманд 2020-2021 онд 1 сая ам.долларын санхүүжилттэй ажил үйлчилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байх юм. Энэ төслийн гүйцэтгэлийн талаар нэг үг, өгүүлбэр ч танай яамны тайлан, шилэн дансанд өмнөх төслүүдийн адил алга.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү