Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорлоо


2021-05-06 10:47:54

МАН-аас 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг нэрлэлээ. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх боломжит хэд хэдэн хүнийг нэрлэж байсан удаатай. Үүний дараахан У.Хүрэлсүх “Намын гишүүд дэмжвэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэдгээ ч ил цагаан илэрхийлж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг цуглуулан, нууцхан яриа өрнүүлсэн нь бий.

2020 оны УИХ-ын сонгуулийн дараагаар улиран сонгогдсон Ерөнхий сайдаар нэрлэгдэж байсан ч дөнгөж амаржсан эх, нярайг гэрийн халад, таавчигтай ХӨСҮТ рүү зөөвөрлөсөн дуулианаар Гүйцэтгэх засаглалын тэргүүнээс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байлаа. Хариуцлагаас зугтаж, хар амиа хоохойллоо гэх шүүмжлэл өнгөрсөн хугацаанд дагалдсан.

Хэдийгээр Ерөнхий сайдын титэмээ тайлсан ч намын даргын хантаазтайгаа энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшлээ. Түүний зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Энхбаяр сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллажээ.

АН-ын хувьд асуудал ихтэй. Дотоод хэрүүл маргаанаа эцэслэж чадалгүй, өдгөө парламент дахь гишүүд нь Төрийн ордны өмнө өлсгөлөн зарлав. Өнгөрсөн хугацаанд талцал, тэмцлээр арвин ардчиллынхан энэ удаад ч эвлэж, нэгдэж чадсангүй.

Асуудлаа эцэслэж байгаа нэрийн дор тус тусдаа намын сунгаа явуулж, мөнгөний босго тавьснаар галыг улам өрдсөн нь өнөөдрийн үйл явдлаас илхэн. Эргэн явсан хүмүүс нь буцаж ирэхдээ буу агсаж ирдэг нь ч олон хүний үйлдлээс “илчлэгдэв”.

УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа хариуцлага хүлээж, тамгаа хүлээлгэн өгөөд явсан С.Эрдэнэ эргэн ирээд зогсохгүй Төрийн тэргүүний сэнтий рүү мөлхлөө. Энэ намын хагарлын үүдийг нээсэн хэмээн С.Эрдэнийг буруутгах гишүүн АН-д олон. Намаасаа хөөгдсөн Н.Алтанхуяг ч намдаа эргэн ирэхдээ эвлэрэл биш эвдрэлцэл авчирч, нэгнийгээ дүүжлэх талаар мэдэгдэл хийв. Эцэстээ бүлгийн гишүүдээ дагуулан өлсөж сууна.

Дотоод эв нэгдлээ хангаж чадаагүй ардчиллынханд улсын эв эеийг илэрхийлэгчийн суудал зохих уу гэх хэлэлцүүлэг цахим орчинд өрнөж байна. Юутай ч албан ёсны бүртгэлээрээ С.Эрдэнэ АН-ын дарга болж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр боллоо. Тэр бусад улс төрийн намынхантай гэхээсээ илүү дотооддоо өрсөлдөх нь тодорхой болов.

Хэрүүл шуугиантай ч өлсөх хэмжээнд хүртлээ хурцдаагүй нь ХҮН. Мөн л намын даргын маргаан энэ намд өрнөдөг. Гэсэн ч Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Энхбатыг нэр дэвшүүлэх дээр элдэв маргаан үүссэнгүй.  Нэгэн үе Ногоон намын даргаар ажиллаж байсан Д.Энхбат Ерөнхийлөгчийн сонгуулийн гурав дахь өрсөлдөгч нь.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү