Л.Оюун-Эрдэнэ: Хөл хорио тогтоогдоогүй бол 1 сая хүн халдварт өртөж, нас баралт 10.000 хүрэх байсан


2021-05-10 17:53:11

Монгол Улсын Засгийн газар 100 хоногт хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа танилцуулж байна. 

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭЗасгийн газар байгуулагдах цаг үе амар байсангүй. Эдийн засаг 5.3 хувь хүртэл агшсан цаг үе таарсан. Төсвийн алдагдал, ДНБ-ний эзлэх хувь 12.3 хувь болж, төсөв тасалдсан. Эхний хоёр үзүүлэлтээс улбаалж, зах зээлд эргэх ёстой байсан 7.9 их наяд төгрөг Монголбанкин дээр гацсан. Арилжааны банкууд зээл гаргахаа больсон. Аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулахаас айж, төлөвлөгөөгүй болж эхэлсэн. Тийм учраас зах зээл дээр байгаа бэлэн мөнгөний хомсдол үүсч, 68.9 мянган ажлын байр шууд байхгүй болсон. Ийм нөхцөл байдалтай шинэ Засгийн газар нүүр тулсан.

Ийм нөхцөл байдалд бид тооцоо судалгаатай ажиллахгүй бол болохгүй байсан. Яагаад гэхээр Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн уур амьсгал биднийг угтсан, гадаа талбайд өлсгөлөн зарлаж жагсаал болсон нөхцөл байдал угтаж байв. Цар тахлын нөхцөл амаргүй, хөл хориог нийгмийн сэтгэлзүй хүлээж авахгүй нөхцөл байдалд байсан. Ер нь бол хөл хорио тогтоох бүрт халдварын тохиолдлын тоо багасдаг, сулрахаар нэмэгддэг. Энэ бол түр зуурын арга хэмжээ. Та бүхэнд нийт дөрвөн хөл хорионы үр дүнг харуулж байна.

Зөвхөн Монголын хувьд биш дэлхийн хүн төрөлхтөний хувьд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хоёр сая гаруй хүнээ алдаж, цар тахлын өмнө өвдөг сөгдсөн амаргүй цаг хугацаа таарсан. Монгол Улс дотооддоо 10 сарын хугацаанд Covid-19 халдвар алдаагүй барьж чадсан. Засгийн газрын хувьд цар тахлын Азийн гурав дахь давалгаатай нүүр тулсан. Цар тахал нь эдийн засагтай урвуу хамааралтай байдаг учраас энэ хоёр заагийн дундуур хэрхэн явах нь дэлхийн бүх улс орны эдийн засагч, улстөрчдийн том сорилт байсан.

Хэрэв хөл хорио тогтоогдоогүй байсан бол нэг сая орчим хүн халдварт өртөж, нас барсан хүний тоо 10 мянгад хүрэх эрсдэлтэй байсан гэдгийг ХӨСҮТ-өөс бидэнд хэлж байгаа юм. Олон улсын зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, эрдэмтэн судлаачдын үг үнэн байж гэдгийг би өөр дээрээ ойлгож байгаа юм.

Вакцинжуулалтыг 7 дугаар сарын 1 гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа. Гэхдээ бид одоогийн байдлаар графикт хугацаанаасаа 11 өдрийн өмнө явж байна. Тиймээс 11 өдрийн өмнө зах зээл нээгдэх тооцоотой явж байгаа. Гэхдээ мутацид орсон вирус болон өөр өвчлөлийн асуудал гарахыг үгүйсгэхгүй. Үүнийг хүн төрлөхтөн тааж чадахгүй. Юутай ч өнөөдрийн вакцин нөлөөлөх хэмжээнд богино хугацаанд цар тахлыг даван туулсан 10 улсын нэг болно" гэсэн юм.

Мөн энэ үеэр гүйцэтгэх засаглалын тэргүүн УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудалд өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудал нийгэмд нэлээн газар авч байна. Аливаа асуудал үүсэхэд парламентийн гишүүн шууд огцорно гэдэг амаргүй. Ерөнхий сайдын хувьд байр сууриа илэрхийлэхэд тэр хүн үнэхээр гэм буруугүй бол УИХ-ын гишүүнээс түдгэлзэж шалгуулаад, буцаад ороод ирэх хэрэгтэй. Хэрэв тэгвэл ёс зүйд нийцнэ. Би энэ талаар хариуцлага тооцох боломжтой субъектуудад өөрийн саналаа уламжилсан" гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү