Ч.Өнөрбаяр: Манай парламент давжаа байна


2022-01-13 12:42:07

АН-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд АН-ын дэд дарга Б.Гарамгайбаатар "АН бодлогын шинжтэй, сөрөг хүчний үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Намын төрийн зүтгэлтнүүдийг гутаан доромжилж буй үйл ажиллагаанд цэг тавих зорилгоор ажлын хэсэг байгуулж байгаа. 30 гаруй жилийн хугацаанд намын гишүүдийн санаачилж хийсэн олон ажлыг үгүйсгэж байна. Залуу, дунд үеийнхэн түүхийг үнэн бодитоор нь мэдэх боломж цаг үргэлж хязгаарлагдаж эвгүй байдалд шилжлээ гэж үзэж байгаа. Тиймээс түүхийг үнэнээр нь бичиж иргэдэд хүргэх ажлыг хийнэ" гэлээ. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Үндсэн хууль бидэнд маш том ололт, амжилтыг өгсөн. эхдээ сайны хажуугаар саар гэгчээр Үндсэн хуулийг дээдлэх гэсэн чухал ойлголтыг улс төрийн намууд буруу ойлгож ирсэн. Үндсэн хуулийг дээдлэх нь зөвхөн төрийн ордонд залрах, Ерөнхийлөгч болж тангараг өргөхөд ашигладаг зүйл биш. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд үйл ажиллагаандаа алхам тутамдаа өдөр бүр мөрдлөг болгох оюуны бүтээл. 

Үндсэн хуулийг дээдлэх санаа хөсөрдөж, дээгүүр нь алхдаг болсон. Сонгогдож гарсны дараа хуулийг үгүйсгэдэг. Үндсэн хуульд төрийн эрх мэдэл харилцан хяналт тэнцвэртэй байна гэдгээр асуудал шийдэгддэггүй. Нэг нам дангаараа ноёлсон үед Үндсэн хуулийн зүйл, заалт тунхаг болж үлддэг юм байна. 

Цаашид Үндсэн хуулийн тэнцвэр парламентад суудалтай улс төрийн бодит хүчний харилцаан дээр оршин тогтноно. Үүний тулд сонгуулийн тогтолцоог эргэж харах ёстой. 1,500 хүрэхгүй хүнтэй сум руу зардал гаргаад зам тавьж, хөрөнгө оруулалт хийдэг, УИХ-ын гишүүд тойрогтоо гээд хэдэн тэрбум төгрөгийг хуваарилдаг нь сонгуулийн тогтолцоотой холбоотой. Жалга довны улс төрөөс гарахгүй бол бид урагшаа том алхахгүй. 

Парламентын гишүүдийн тоог хэн нэгэн тэнгэр харж байгаад тавьдаггүй. Энэ нь нийт сонгогчийн төлөөлөх чадвараар хэмжигддэг. 1992 онд Үндсэн хууль баталж байсан аргачлалаар бодох юм бол парламентын гишүүдийн тоо 120 орчим байх ёстой. Дэлхий нийтийн жишиг 130-140. Манай парламент давжаа байна. Ийм үед идэж, уух нь ихэснэ гэж ярьдаг. УИХ-ын гишүүнийг дарга гэж ойлгодог. Тэд бол ард түмний элч бөгөөд нийтийн ашиг сонирхлын төлөөлдөг. Төрийг цомхон байлгах тухай ярих гэж байгаа бол яамдын тоог цөөлөх хэрэгтэй. Өмнө нь есөн яамтай ажил хийж болоод байсан. Ашиггүй ажилладаг төрийн өмчит компаниудыг хувьчилмаар юм. Ер нь төр нь өөрөө компани, үйлдвэр бариад иргэдтэйгээ бизнес хийх гээд уралдаад байж таарахгүй. Олон яам, агентлаг бүгд том байшинтай байж биш бүгдийг нь нэг байшинд байж болно. Асуудлыг илүү ухаалгаар шийдэх олон санаа бий. 

Харамсалтай нь энэ 30 жилийн хугацаанд Үндсэн хуулийн үзэл санааг бид бодитой амьдруулж чадсангүй" гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү