1:1


2022-04-19 10:21:20

АНУ-ын дэмжлэгтэйгээр Монголд биологийн лаборатори байгуулсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын байр суурийг хүргэж байна.

 

Б.Батцэцэг: Монгол Улсад биологийн зэвсэглэлийн зориулалттай лаборатори огт байхгүй

-Монгол Улсад биологийн зэвсэглэлийн зориулалттай био лаборатори огт байхгүй. Ийм лабораторитой болох эрх зүйн үндэслэл ч байхгүй. Энэ төрлийн лабораторийг байгуулах, хөгжүүлэх зорилго байхгүй, яриа хэлэлцээр байхгүй. Тэр дундаа АНУ болон Европын Холбооны улсуудтай энэ талын харилцааг хөгжүүлэх, лаборатори байгуулах асуудал огт яригдаагүй. Дэлхийн геополитикийн байдал маш хүнд байна. Хардах эрх хэнд ч бий. Цар тахалтай холбоотойгоор дэлхийн улс орнууд хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа идэвхжсэн. Энэ мэдээлэлд ОХУ-ын "Извезтия" сонинд 3-4 удаа нийтлэгдсэн. Анхны эх сурвалж болох судлаач, эрдэмтэн хүн энэ саналыг гаргасан. Мөн Хятадын хэвлэлд гарсан. Олон улсын хэвлэлүүд дээр гарч байгаа мэдээлэл нь үнэн бодит байдал нийцээгүй. Манай бодлогын хувьд эргэлзэх зүйл байхгүй. Манай гадаад бодлого нээлттэй, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн зарчмаа баримталж байгаа. Цаашид хэрэв хүсэх юм бол олон улсын зохих байгууллага, энэ асуудлыг гаргаж ирж байгаа ОХУ-ын байгууллага болон хүмүүсийг хардаж байгаа лаборатори, байгууллагын үйл ажиллагаатай танилцуулахад нээлттэй. Бид өнгөрсөн өдрүүдэд энэ мэдээлэл гарч, хардалт төрүүлж болохуйц ямар үйл ажиллагаа явагдсаныг нягталсан. Монгол Улсын Ерөнхийлөгч холбогдох байгууллагуудыг мэдээллээ нэгтгээд ҮАБЗ дээр танилцуулах үүрэг өгсөн.

Д.Ганбат:  Монголд биолаборатори байгаа эсэхийг хөндлөнгийн шинжээчдээр нягтлуулах хэрэгтэй

Сөрөг хүчин бүлгийн хурлаараа хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

-Хавтгайрсан халамж эзэндээ очихгүй байна. Энэ бодлогоо эргэж хар. Төрийн албан хаагчдын орон тоо 200 гаруй мянга болж ямар ч хэрэггүй орон тоо, албан тушаалтнууд байна. Мөн шаардлагагүй олон сумд ч бий, тэдгээрийг нэгтгэх шаардлагатай. Баялгийн 10 хувийг эзэмшүүлэх, иргэдийг баялагтаа эзэн байх, ААН-үүдийг оролцуулж хувьчлал хийх зэрэг зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлнэ.

Хоёрдугаарт, Хянан шалгах түр хороо байгуулсан нь хэд хэдэн зүйл заалтыг ноцтой зөрчсөн байна. Тодруулбал,  гуравны нэгээс доошгүй цөөнхийн төлөөлөл байна гэснийг зөрчсөн. 11 хүнтэй хороонд цөөнхөөс хоёрхон гишүүний нэрийг оруулсан. Мөн цөөнхийн бүлгийн бичгээр явуулсан саналыг хэлэлцээгүй. Тэгэхээр энэ Хөгжлийн банкны хяналтын хороо нь хүчингүй, хууль бус юм.

Гуравдугаарт, Монгол Улсад Украин, ОХУ-ын хооронд үүсээд буй нөхцөл байдлын үед ОХУ-ын нэр хүндтэй албаны хүн  Монголд био лаборатори байгуулсан талаар удаа дараа мэдээлэл түгээсэнд ГХЯ өчигдөр мэдэгдэл гаргасан байсан. Үүнээс гадна хөндлөнгийн экспертүүдийг яаралтай урьж, үнэхээр байгаа эсэхийг нягталж, дүгнэлт гаргуулан найрсаг харилцаатай хөршдөө мэдэгдэх хэрэгтэй. Үүнийг зохих байгууллагууд нь яаралтай нягталж шийдвэрлэх хэрэгтэй байна.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 78 (6810)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү