Хагас тэрбумыг “халаасалсан” бүлэглэлийг зайлуулчихаад зам зас, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!


2022-05-23 11:43:25

Нийслэл дэх авто зам засварын ажил эхлэхээс өмнө Авто зам засвар, арчлалтын компанид шигсэн бүлэглэлээс салахгүй бол нийслэлийн автозам хэзээ ч бүрэн зориулагдсан хөрөнгөөрөө засагдаж, арчлагдахгүй гэдгийг Хотын даргад сануулан бичсээр байгаа.

Тодорхой фактууд байсаар байхад хариуцлага тооцох бүү хэл том том дүнтэй ажлуудын ард суулгасаар байгааг хэрхэн ойлгох вэ, Ерөнхий сайд аа!!!

Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болох Улаанбаатар авто зам засвар арчлалтын газрын ахлах нягтлан бодогч Б.Болормаагийн халаасанд явдаг хоёр тамганых нь нэг “Тавалтайн рашаан” гэх компанийнх бөгөөд 2014 онд байгуулсан энэ компанийн анхны захирал нь Баатарын Байгалмаа гэгч буюу мань Болормаагийн төрсөн дүү гэдэг фактыг тус газрын ажилтнуудаас ирүүлээд байна.

Компани байгуулагдсанаас хоёр жилийн дараа, 2016.09.27-нд Ц.Бэрцэцэгийг захирлаар томилсноо сүүлд 2018.07.17-нд Б.Хосбаяр гэж нөхрөөр сольсон байдаг. Гэсэн ч компанийн тамга, эрх мэдэл Б.Болормаагийн “халаасанд” байсаар байгаа нь “Тавалтайн рашаан”-ыг олны анхаарлаас холдуулж, зайлуулсан нэр төдий асуудал гэж үзэхэд буруутахгүй харагдана.

Соёлын яамны Соёл, урлагийн газрын дарга асан Ц.Нацагдолгорыг удирдлагуудынхаа үгэнд ордоггүй, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэдэг, ажилдаа цагтаа ирдэггүй гэхчлэнгээр буруутган халж байсан бол Улаанбаатар авто зам засвар арчлалтын газрын ахлах нягтлан бодогч Б.Болормааг түүний өрөөсөн дугуй буюу жижигрүүлсэн хувилбар хэмээн тус газрын зарим удирдлагаас буруутгасаар байдаг ч хариуцлага тооцож чадахгүй хэвээр байгаа нь сэжигтэй.

Шүүмжлэлт нийтлэлүүд гарсны дараа Б.Болормаад хариуцлага тооцох байтал эсрэгээрээ Улаанбаатар авто зам засвар арчлалтын газрын Санхүүгийн албаны бүтцэд огцом өөрчлөлт оруулан нярав, нягтлангуудаа нааш цааш болгоод, заримыг нь ТОО БҮРТГЭГЧ хэмээн “гудманд” хөөн гаргасан байх юм. Ийм ойлгомжгүй, учир битүүлэг шийдвэрийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нөлөөлж хийлгэсэн буруутгал хүчтэй байна.

Учир нь ахлах нягтлан бодогч Б.Болормааг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн хүн гэгддэг тус газрын орлогч дарга Н.Алгаа хир халдаалгүй хамгаалдаг юм байх.

Тэд “халаас”, “зорилго” нэгтэй нөхөд бөгөөд үүнийг нь Б.Болормаагийн хамаарал бүхий хоёр компани, орлогч даргын найзын компаниас гадна “Баясгалант-Охь” гэх Улаанбаатар авто зам засвар арчлалтын газрын шилэн дансны ихэнх орон зайг эзэгнэдэг компаниудын мэдээлэл нотлоно гэдгийг тус байгууллагын удирдах албанд ажиллаж байгаад халагдсан зарим эх сурвалжаас хэлж байна.

Тэрчлэн орлогч дарга Н.Алгаа, ахлах нягтлан бодогч Б.Болормаа нарын оодролтыг тус байгууллагын Ерөнхий нягтлан бодогч Нарангэрэлийн Лхавгасүрэн гэгчээс салгаж ойлгох ямар ч боломжгүй аж.

2021.01.06-нд буюу жил хагасын өмнөхөн Улаанбаатар авто зам засвар арчлалтын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогч хэмээх албан тушаалд томилогдон ирсэн энэ нөхөр ирсэн даруйдаа бүтцэд байхгүй “ахлах нягтлан” гэх шинэ орон тоо гарган Б.Болормааг ажилд оруулж байж.

Н.Лхавгасүрэн нь “Молор-Эрдэнэ констракшн”-ийн 50 хувийг халааслагч нэгэн бөгөөд энэ байгууллагад ирэхийн өмнөхөн Эрдэнэтийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж, Toyota, Camry, Микроавтобус, Alphard, Prius маркийн авто машинтай хэмээн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж байсан байдаг.

Гэтэл Улаанбаатар авто зам засвар арчлалтын ОНӨААТҮГ-т ороод жил бололгүй автомашинуудын нь чанар илтэд сайжирч, RX-350 Land-200, хамгийн сүүлийн үеийн он залуу “Toyoto crown” автомашин сэлгэн унах болсныг ажилтнууд нь баталж байна.

Түүнд факт үүсгээд шалгая гэвэл улсын төсөвт байгууллагын мөнгө “Баясгалант Охь” гэх компани руу бүтэн жилийн турш тав, аравхан хоногийн зайтай урссаар байгаа явдалд асуулга тавиад хөөчихөд ядах юмгүй аж.

Үнэхээр цар тахлын хүнд жилүүдэд зам засвар, арчлалтын ажил төдийлөн хийгдэлгүй хэмнэлтийн горимд шилжчихсэн байхад жилийн дотор юу хийдэг нь тодорхойгүй компани руу хагас тэрбум шахам төгрөг гаргачихсан байх нь дэндүү увайгүй юм, Ерөнхий сайд аа!!!

  • 2022.04.08-нд 18.7 сая
  • 2022.04.13-нд 10.1 сая
  • 2022.04.-19-нд 5.7 сая
  • 2022.04.26-нд 19.6 сая
  • 2021.12.20-нд 60.5 сая
  • 2021.11.03-нд 14.7 сая
  • 2021.11.30-нд 33 сая
  • 2021.10.08-нд 14.7 сая
  • 2021.10.11-нд 5.6 сая
  • 2021.10.13-нд 19.9 сая
  • 2021.10.25-нд 35 сая
  • 2021.10.30-нд 25 сая
  • 2021.09.02-нд 7 сая
  • 2021.09.08-нд 40 сая
  • 2021.09.15-нд 14.1 сая
  • 2021.08.24-нд 30 сая
  • 2021.08.24-нд 7 сая
  • 2021.07.29-нд 13.2 сая
  • 2021.04.30-нд 9 сая гэхчлэнгээр эхэндээ нэг, хоёр сар өнжиж гүйлгээ хийгдэж байсан бол сүүлдээ сар битгий хэл өдөр өнжихөө больсныг шилэн данснаас харчихаарай…

Эцэстээ “идэлт, уулт” ил цагаандаа гарч Санхүүгийн албаны дарга гуай өөртөө мөнгө цохон гаргадаг болчихсон нь даанч эрээ цээргүй. Үүнийг 2021.06.21-ний өдөр “Лхавгасүрэнд 15.3 сая” хэмээн гаргасан баримт нотолно.

Мөнгө хүлээн авагч болоод гаргахад нь зөвшөөрч гарын үсэг зурсан ерөнхий нягтлан бодогч нь Н.Лхавгасүрэн өөрөө байгаа нь түүнд хэрэг үүсгэн шалгах хангалттай факт.

Тэрчлэн хагас тэрбум шахмыг халаасалчихаад байгаа “Баясгалант Охь” компанийн гүйцэтгэх захирал Н.Бямбарэнчин нь Санхүүгийн албаны дарга Лхавгасүрэнтэй овог нэг байгаа нь зайлшгүй шалгах үндэслэл мөн. Улмаар компанийн улсын бүртгэлийн хаяг Орхон аймаг бөгөөд Н.Лхавгасүрэн нь Орхон аймгаас нийслэлд ирснийг анхааралгүй өнгөрөөж болохгүй.

Хэрэв үүнийг ах дүүсийн компани мөн гэж үзвэл ашиг сонирхлын асар том зөрчил биш үү, Авлигатай тэмцэх газрын дарга аа!!!

Мөн дээр дурьдсан “Молор-Эрдэнэ констракшн” компанид 2021.07.21-нд дайрганы үнэ хэмээн 20 сая төгрөг шилжүүлсэн байх бөгөөд компанийн нэрээр гаргасан мөнгийг хүлээн авагч нь Б.Болормаа гэх нэр байгааг ч шалгах ёстой.

Тэгэхээр авлига, албан тушаалын хэрэгтэй хатуу тэмцэхээ илэрхийлсээр байгаа гүйцэтгэх засаглалын тэргүүний үг үйлдэл энэ мэт бүлэглэлтэй тэмцэхээс эхлэх ёстой юм, Х.Нямбаатар сайд аа?!

Эс бөгөөс хотын зам, гүүр засварын ажилд төсөвлөгдсөн мөнгөний тал нь энэ мэт бүлэглэлийн халаас руу урсч, дахиад л чанаргүй, аргацаасан зам хийлээ гэх шүүмжлэлд ээрэгдэх нь, Хотын дарга Д.Сумъяабазар аа!!!

Хагас жилийн дараа сонгуулийн кампанит ажил эхэлнэ… Сонгуульдаа ялахыг хүсвэл албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглагчидтайгаа бодитойгоор тэмцээд өг.

Амлалтыг нь ажил хэрэг болгоход Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссарын чинь сэтгэл, чадвар дутаад байгаа юм биш биз, эрх баригч намын дарга бөгөөд Засгийн газрын эрхэм тэргүүн ээ!!!

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү