Монгол гэсэн 6 үсэг Мандах ёстой шүү! Монголчууд аа! Хараал уу? Ерөөл үү?


2022-06-16 08:24:45

/бэсрэг нийтлэл/

Бид "Амны билгээс ашдын билэг" гэдэг билэг ухаанаа гээгээд байна. Бид "хараал" ухааныг амьдралын гол багана болгоод эхэлсэн байна. Үүний нэг баталгаа нь: Бүх хүмүүс төрийг хараадаг болчихсон. Нэгэн цагт төрлүүгээ цагаан сүүнийхээ дээжийг өргөөд "Төрийн минь сүлд өршөө..." гэдэг тийм сайхан үе байсан шүү!

Монголчууд бидэнд тэр цаг хэзээ байсан юм бэ?

Тэгэхэд Монгол тийм сайхан байсан уу? гэвэл үгүй шүү дээ!

Харийн дарангуйлалд бусдын түрэмгийлэл доромжлолд эзлэгдчих гээд явж байсан үе байгаа. Тэр хэцүү цаг үед ч дандаа төрийн сүлдэндээ мөргөж залбирч итгэж сүсэлсэнийхээ хүчинд энэ тусгаар тогтнолоо аваад үлдсэн. Одоо бид нар хэний ч гарт биш тусгаар тогтносон улс орон. Тусгаар тогтнолынхоо өдрийг тэмдэглэдэг ийм орон.

- Хэцүү үедээ хөдсөн дээлтэй, хиртэй бор гэртээ амьдарч байх үед төрийнхөө сүлдэнд залбирч явсан тэр сайхан өвгөдийнхөө шүтэлцээг бид нар юугаар сольж байна вэ? Хараалаар сольж байна. Хараагаад, хараагаад, дахин хараагаад байгаа болохоор тэр нь тодорхой хэмжээгээр нэг хүн хараасан ч бай нэг хэсэг хүн нэг ард түмэн бүгдээрээ хараасан ч бай энэ нь өөрөө эргээд төрд чинь очиж тусгал болоод, тэндээс чинь болохгүй үйлдлүүд гараад байна шүү дээ! Нэг шийдвэр гаргана буруудчихна. Нэг зүйл хийлээ л гэнэ бас буруудчихдаг. Дандаа буруу зүйлүүд гараад байна. Төрд ямар хүн хэн байгаагаас үл хамаараад төр хараагдаад сэвтээд байна гэдэг өнцгийг харж энэ талаас нь сийрүүлхийг би хүслээ. Билэгт Монгол ахан дүүс та бүхэн та нар минь юу хэлэх гээд байгаа амин чанарыг нь олж тунгаагтун!

- Энэ дээр ямар алдаа гараад байна гэхээр, бид нар хүндлэлтэй уучлалтай юмыг хүндэлж, өрөвдөж, уучилж чаддаг уужуу Монгол түмэн. Уужуу ухаанаа гээчихээд ухааны мунхагаа урдаа тавиад яваад байдаг болсон байна. Тэр хэн гэдэг хүнийг хараах тэр хэн гэдэг хүн буруу гэдэг зүйл "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино" гэгчээр нэг хүний буруу үйлдэл, нэг хэсэг шуналтай хулгай хийсэн хүмүүсээс болж өнөө төр маань сэвтээд байна. Төр маань сэвтээд байхаар Монгол улс өөрөө бядгүй, өнгө зүсгүй, хийморь лундаагүй болоод байна. Монгол гэдэг хийморь цог золбоо болсон энэ сайхан Хөх тэнгэрийн орон чинь хамаг юм нь унаад унтраад ирэхээр энэ дотор амьдарч байгаа таны амьдрал ч мөн доошлоод байна шүү дээ! Таны миний бид бүгдийн амьдрал дарагдаад уруудаад байна. "Уурын мунхагаар нэгийг ухааны сайнаар мянгыг" гэж үгтэй.

Нэг талдаа чи хараагаад л суугаад байвал тусгал нь чам дээр ирээд чи өөрөө өөрийгөө хорлоод байна гэсэн үг.

- Нэг л зүйл байгаа юм. Бид тал тал тийшээ харж суучихаад "Амьдрал сайхан болохгүй байна" гээд суувал үнэхээр болохгүй. Нийлэх нэгдэх гэдэг талын юмыг 4 жилд нэг удаа яридаг байж бүр ч болохгүй!

Бид нар үүрд нэгдэж нийлэхийн тухай ярих ёстой.

4 жилийн хугацаатай нэг удаадаа нийлдэг эвлэдэг энэнийхээ араас хэрэлддэг хараадаг ийм тогтолцоо үүсчихсэн учраас үүнээс болоод энэ Монгол улсад хямрал нүүрлээд байна.

- Одоо хэнбэгуай ямар ч сайн хүн гараад ирсэн магтахгүй энэ нөхөрт заавал нэг муу тал байх л ёстой гэдэг бодлоор хүлээлт үүсгэдэг ийм өвчтэй болох гэж байна. Энэ нөхрөөс заавал алдаа гарч ирнэ. Нөгөө хүн нь мянган сайн үйл хийсэн ч бай магтахгүй мөртлөө ганцхан удаа бүдрэхэд нь тэрнийг нь мандтал нь ярьж шившиглэж байх жишээний болчихоод байна. Тэгэхээр бид ямар байх ёстой вэ? Гэвэл Бид бие биендээ хайртай байх ёстой.

- Хараах байсан юм бол анхнаасаа яах гэж сонгосон юм. Хүн хорвоо дээр сонгож болдоггүй 2 л зүйл байдаг тэр нь эх орон, ээж аав бусдыг бүгдийг нь сонголтоор шийдэж байгаа. Дэлгүүрт ороод хөгзөрсөн талх авдаггүй шигээ, сэтгэлгүй хүмүүсийг мөнгөөр битгий сонгооч, тэгчихээд араас нь битгий хараагаад байгаач, ингэх байсан юм бол анх сонгохдоо боддог тунгаадаг анхаардаг байгаач, зөв үү?

Нэг нэгэндээ бид хайртай байхаас гадна Монгол гээд бичихэд 6 үсэг ордог энэ 6 үсгэндээ хайртай байх ёстой. Бид нар хайрлахгүй юм бол өөр хэн хайрлах юм бэ? Ширхэг чулуунаасаа өгсүүлээд юутай хээтэй нь амьтантай хүнтэй нь сайнтай муутай нь бүгдийн бид хайрлах ёстой. Энэ 6 үсгэн дотор сайн муу сайхан саар бүх юм орооцолдож байгаа. Уур хилэн хараал ерөөл хайр сэтгэл ч явж байгаа. Бүх юм явж байгаа.

- Бид хайрлахгүй байна. Харин бид буцаагаад хайр нэхээд байдаг болчихжээ. Монголоосоо хайр нэхэх биш, авахаасаа илүү өгөх нь асар том ухаан байдаг. Тэгвэл бид эх орондоо юу өгч чадах юм бэ? Чаддаг чаддагаа өгөхөд л Монгол улс чинь Мандах гэж байна. Жавхлан чаддаг юмаа өгөөд ирлээ. Тэр юу юм. Би дуулж чаддаг. Уриалж чаддаг. Би чаддаг юмаараа чадлаараа ингээд явж байна. Та нарт ч гэсэн чаддаг мянга мянган сайхан зүйл байгаа. Хүн бүхэн өөрийн чаддаг юмаа эх орондоо хандивлах өгөх хэрэгтэй болжээ.

Ингээд ярихаар "Аа Жавхлан мөнгө нэхлээ..." битгий ингэж ухаараарай!

- Өгөх гэдэг зүйл ганцхан мөнгөөр хэмжигддэггүй юм. Хөдөлмөр байна, сэтгэл байна. Чи өөрөө зөв амьдраад явчихад тэр чинь эх орондоо өгч байгаа асар том хувь нэмэр чинь. Одоо өгөх авах гэдэг 2-хон үгийг хэлэхэд шууд голд нь хүчээр хүн мөнгө гэдэг зүйлийг шууд хар ухаандаа буулгаж ухаардаг болчихсон. Энэндээ бид нар ороогдоод байна. Тэгвэл үгүй! Мөнгөнөөс өөр үнэтэй цэнэтэй маш их юм байгаа! Үеийн үед байсан энэ 6 үсэг чинь. Энэнд л бид нар хайртай байх ёстой. Яагаад гэвэл 1000 жилийн өмнөх өвгөд чинь хайртай байсан, 100,200 жилийн өмнөх тэд нар ч хайртай байсан. Тэгвэл одоо бид нар яах ёстой юм. Хайртай баймаар байнашд. Хойч үедээ бид нар хайртай байгаарай гэж зааж сургасаар байна шүү дээ! Энэний төлөө Жавхлан чинь явж байна.

Бүх хүн өөрийн чадах бүхнээ эх орондоо өгөх цаг болсон.

Бид энэ хайртай Монгол орноо мандуулахын тулд хэн нэгэн хүн очиж дэлхийн дэвжээн дээр барилдаад тэмдэг авчирхад нь тэрийг нь хайр гэж ухаардаг. Тэр хайр мөн үү? гэвэл мөн, хөдөлмөр гэвэл мөн. Гэхдээ нэг хүнд ачаа үүрүүлчихээд “чи л хайрла! бид нар чамайг муулаад сууж байя…” гэж болмооргүй байна шүү дээ! Зөв үү? Энэ чинь муухай байхгүй юу дээ!

Хайртай л болвол Эх орноо хайрласан шиг л хайрламаар байна.

Дотор Монголоо сэрээ!

Гадна Монголоо сэрээ!

Эх орноо сэрээ!

Элгэн саднаа сэрээ!

Ёс жудгаа өргө!

Уламжлалаа дээдэл!

Монгол дээлнээс эхлээд Монголдоо бүтээсэн хийсэн бүх юмаа дэмж, муу дутуу байгаагаа сайжруул!

Бүгдийг нь Мандуулах ёстой!

- Энэ Монгол гэсэн 6 үсэг Мандах ёстой шүү! Монголчууд аа! 

- Чиний аав чинь хаанах вэ? Монгол

Чиний ээж чинь хаанах вэ? Монгол

Чи хаанах вэ? Монгол

Бид Монголоороо л овог хийж явдаг

Нэрний чинь түрүүнд явж байдаг энэ сайхан 6 үсгээ. Ургийн чинь орой дээр мандаж явдаг, үүх түүхийн чинь тэргүүн дээр явдаг энэ сайхан 6 үсгээ бид нар мандуулах ёстой.

Хүнд итгэн чилээсэн: Самандын Жавхлан

2022.06.15

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү