Дан дээлтэй сайд нараа үдэж, дараагийн ээлжийг даллалаа, Л.Оюун-Эрдэнэ


2022-08-15 11:14:28

“Асуудал шийддэг хүчтэй сайд нар хэрэгтэй байна” хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг бус удаа амнаасаа унагасан нь намрын улс төрийн уур амьсгалыг илтгэнэ.

Цар тахал, үнийн өсөлт, шатахууны хомсдол гээд өөд өндийх завгүй бодолд дарагдаж яваа Засгийн газрын тэргүүн танхимдаа сэлгээ хийхээр болсноо дуулгасан нь тэр.

Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаантай. Хуралдаанаар Засгийн газрын гишүүд давхар дээлтэй байх эсэхийг хэлэлцэнэ. Шийдвэр давхар дээлийг дэмжиж гарвал Л.Оюун-Эрдэнэ чуулганы танхим дахь гишүүдээр сэлгээ хийж, цааш хөдлөх тооцоо хийсэн бололтой.

Намрын чуулганы нээлтээс урьтаж, Засгийн газрын бүтцээ зураглаж, нам доторх фракциудтайгаа учраа олохгүй бол шүд сугалж амжилгүй танхимаараа огцрох эрсдэлтэй. Тиймээс дан дээлтэй сайд нараараа туг тахиж, УИХ-ын гишүүдээр дугуйгаа нөхөх бэлтгэл хөшигний ард хийгджээ.

Нэн тэргүүнд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг солино. Дарханы зам гэх тамын уяа үргэлж хоолойг нь боомилж, араас нь чиргүүлдсээр эцэст нь албан тушаалаас нь унагаж дөнгөх нь энэ. Удаах нь Г.Ёндон. Шатахууны хомсдолд хэдэнтээ орсон алдар цууг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас салгах боломжгүй хойно, яалтай.

Соёлын сайд Ч.Номин ч хорхойтой шүднүүдийн нэг. Телевизийн салбараас улс төрийн тайз руу үсэрсэн тэрбээр намтартаа шинэ түүх нэмээд буух нь. Гадаадын олон шоуг Монголдоо хуулбарлан хүргэсэн алдар цуу нь салбар хариуцсан сайдын хэмжээнд хүргэж дөнгөсөн. Гэвч сайн гэхээсээ саар нэр арвинтай албан тушаалаасаа буух бололтой. Хамгийн сүүлд гэхэд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр дроны үзүүлбэр үзүүлсэн бөгөөд энэ нь сайдын бизнесийн хамтрагч байсан нь хэл ам дагуулаад байна. Тодруулбал, “Би Ар Би пикчерс” ХХК-иар 187 сая төгрөгөөр дроны үзүүлбэр хийлгэжээ. Гэтэл “Би Ар Би пикчерс” ХХК-ийг эзэмшигч Ж.Энхжаргалан нь Соёлын сайд Ч.Номингийн бизнесийн хамтрагч аж. Соёлын сайд Ч.Номин, Ж.Энхжаргалан нар “Би Ар Би” ХХК-ийг 2017 онд хамтран үүсгэн байгуулж байжээ. Мөн тэд “Би Ар Би саунд” ХХК-ийн хамтран эзэмшигчид гээд хөөгөөд байвал салгах боломжгүй гинжин холбоотнууд.

Мөн Ерөнхий сайдын амны хөндийд гай тарьж яваа нь Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар. Барилгын салбарын тэг зогсолт, бараа материалын үнэ гээд хариуцлага тооцох асуудал мундахгүй.

Цахим ертөнцийн  “од” Б.Бат-Эрдэнэ сайд ч энэ удаагийн томилгоогоор хоосон хоцорч, одоогийн албан тушаалаа хүлээлгэн өгөх бололтой. СӨХ-ийн дарга, үгүй дээ ТҮК-ийн даргын ажил гүйцэтгэхээс дээш гарч чадаагүй Б.Бат-Эрдэнийг солино гэх яриа зуны хэдэн сар Тусгаар тогтнолын ордныхны амны зугаа болсон билээ.

Хашааны гаднаас ирсэн сайд нараас Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрчим хүчний сайд  Н.Тавинбэх үлдэх бололтой.

Дээрх нэр бүхий хүмүүсийн оронд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Д.Сарангэрэл, Ж.Мөнхбат нарын нэр яригдаж байна.

Ерөнхий сайдын дэргэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр даргаар нь томилогдсон билээ. Түүний багаас дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал нэхэгдэж байгаа гэх мэдээлэл ч бий. Ямартай ч нам доторх фракциудаа хооллож, гэдэс цатгалан болгосноор Л.Оюун-Эрдэнийн аюул бага ч болтугай алсарна. Эс бөгөөс тэр олбогоо орхиод гарахаас өөр сонголтгүй. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү