Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ нэмэгдэхгүй бас хомсдолд орохгүй


2021-09-14 15:18:18

Сүүлийн үед зарим шатахуун түгээх станц А92 шатахуун худалдах байгаатай холбоотойгоор Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл хийлээ.

АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Манай улс нефтийн бүтээгдэхүүнийг ОХУ-ын Роснефть компаниас импортоор оруулж ирдэг. Жил бүрийн 8, 9 дүгээр сард ОХУ-ын үйлдвэр урсгал засварт ордог. Үүнтэй холбоотойгоор Монгол улсад нийлүүлж байгаа бүтээгдэхүүнийхээ хэмжээг тодорхой хэмжээгээр багасгаж, нийлүүлж байна. Иймээс зөрүүг нь Хятад улсаас авахаар аж ахуйн нэгж байгууллага болон Улаанбаатар төмөр зам, Зам тээврийн яам, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газартай хамтран ажиллаж  байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний 28 хоногийн нөөц байна. Үүнээс

  • А92 авто бензин 21 хоног
  • Дизель түлш 35 хоног
  • А80 шатахуун 45 хоног
  • Онгоцны түлш 6-7 хоногийн нөөцтэй байна.

Ямар нэгэн хомсдол үүсээгүй. Нөөц бол багассан. Аль болох хомсдол үүсгэхгүй байх үүднээс нөөцийг хэрэглээнд гаргаж байгаа" гэлээ.

Мөн тэрбээр шатахууны хомсдол үүсгэж, үнэ нэмэгдэх гэж байгаа юм биш биз гэх хардлагад "Энэ бол ташаа мэдээлэл. Үнэ нэмэгдэх ямар ч боломжгүй. 2021.09 сард нефтийн бүтээгдэхүүн орж ирэхдээ өмнөх ны мөн үеэс тонн тутамдаа 34  ам.доллараар үнэ буурч орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор хомсдол үүсэх нь, нөөц дуусах нь, үнэ нэмэгдэх нь гэдэг нь ташаа мэдээлэл" гэлээ. 
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү