Б.Мөнхбаатар: Зайсангийн усан хангамжийг сайжруулахад 4 тэрбум төгрөг төсөвлөсөн


2021-10-20 17:20:11

Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж буй. Үүнтэй холбоотойгоор салбарын сайд нарын “халаасанд” хэдэн төгрөг төсөвлөгдсөн, юунд зарцуулахаа олон нийтэд ээлж дараалан танилцуулж байгаа билээ.

Энэ удаад Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар салбартаа хийгдэх бүтээн байгуулалтын талаар танилцууллаа.

Барилгын салбарт ирэх онд 246 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөжээ. Нийт 976 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөх ч 2022 онд санхүүжүүлэх нь 246 тэрбум төгрөг гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулав.

Хөрөнгө оруулалт газар доорх бүтээн байгуулалтад зарцуулагдана. Өөрөөр хэлбэл, шугам сүлжээ, дэд бүтцэд ирэх оны хөрөнгө оруулалтаа тэр чигт нь зарцуулахаар төлөвлөжээ.

Салбарын хэмжээнд 2011 болон 2014 оноос эхэлсэн ч дуусдаггүй хоёр төсөл бий гэнэ. Эхнийх нь 2011 оноос эхтэй Барилга, байгууламжийн газар хөдлөлтийн сорилт шинжилгээний лаборатори. Сонгинохайрхан дүүрэгт барихаар шийдвэрлэсэн уг байгууламжийн төсөв мөнгө дутуу тавигдсанаас ийнхүү олон жилийн нүүрийг үзжээ.

Нөгөөх нь 2014 оноос эхэлсэн шугам сүлжээний ажил. 24.9 тэрбум төгрөгийн төсөвтэй 1 хорооллоос Баруун-4 зам хүртлэх шугам сүлжээг шинэчлэх ажлыг жил бүрийн төсөвт боломжоор нь суулгасаар өнөөг хүрчээ. Гэвч газар чөлөөлөлтөөс болж удааширсаар өнөөг хүрсэн нь энэ аж.

2015 оноос эхтэй "Буянт-Ухаа" хорооллын цэвэрлэх байгууламжийн ажил бий. Морингийн даваа буюу Хан-Уул дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт 500000 м2 талбайд баригдах өдөрт 20000м3 ус цэвэрлэх хүчин чадалтай байгууламж бий. Нэмэлт ажил гарч ирснээр ажил өнөөг хүрчээ.

Ийнхүү он дамнасан 49 төсөл арга хэмжээнд ирэх онд 106.2 тэрбум төгрөг зарцуулах гэнэ.

Шинэ төсөл хөтөлбөрийн хүрээнд 200 тэрбум төгрөг ирэх онд зарцуулна. Үүний 70-80 хувь нь шугам сүлжээ, дэд бүтцэд зарцуулахаар төлөвлөсөн. Баригдах байшингийн газрын доорх ертөнцийг эхлээд барьж байгуулна хэмээн Б.Мөнхбаатар сайд онцлов.

Ирэх жил “Залуус 1, 2” орон сууцны хороолол баригдана. Уг хороолол Морингийн даваанд баригдана. Тэр хавьд дэд бүтэц байхгүй. Иймээс зураг төсөл хийгдэж дуусаад  эхний ээлжид дэд бүтэц татна. Ингэснээр Улаанбаатар хотын тэлэлтэд мөн томоохон ач холбогдолтой байгаа. Мөн ундны усны асуудлыг шийдвэрлэх шаардлага бий.

Түүнлчэн ирэх онд Зайсангийн усан хангамжийн шийдвэрлэх асуудал тусгагджээ. Энэ талаар Б.Мөнхбаатар сайд “Зайсангийн айлууд усан хангамж, инженерийн шугам сүлжээний хувьд асуудалтай. Та бүхэн санаж байгаа бол хүмүүсийн гэдэс өвдлөө, ундны уснаас нь гэдэсний савханцар илэрлээ гэх асуудал үүсдэг. Иймээс Зайсангийн шугам сүлжээг шинэчлэх шаардлага бий” гэлээ.

Зайсангийн шугам сүлжээг шинэчлэх, усан хангамжийн асуудалд 4 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ихэвчлэн гүний устай учраас ариун цэврийн шаардлага хангахгүй байх явдал гардгийг тодотгож байсан юм.

 Цар тахлаас үүдэлтэй барилгын материалын үнэ тэнгэрт хадаж, Монголын барилгын салбарын чансааг сорьсон. Үнийн шуурганд олон ч аж ахуйн нэгж хаалгаа барьсан билээ. Үнийн өсөлтийг хязгаарлахад салбар яамнаас авч хэрэгжүүлсэн ажлын талаар Б.Мөнхбаатар сайд “Барилгын материалын үнийн өсөлт энэ оны тавдугаар сараас эхэлсэн. Үүнд цар тахлаас гадна маш олон хүчин зүйл нөлөөлсөн. Бид барилгын материалын үнийг бууруулахаас илүүтэй ханган нийлүүлэлтэд анхаарч байна. Үнийн өсөлтийн тухайд хамгийн үнэтэй нь дулаалга, хөөсөнцөр болоод байна. Хөөсөнцөрийн түүхий эд болох үрлийг урдаас оруулж ирдэг.  Арматур төмрийн үнэ 82 хувиар өссөн. Монгол Улс дотооддоо цемент үйлдвэрлэдэг болсонтой холбоотойгоор үнэ нь 5 хувь өссөн. Бид арматур үйлдвэрлэлийг бодлогын хэмжээнд авч үзэж, энэ чиглэлийн компаниудад төрөөс дэмжлэг үзүүлэхээр судалж байгаа” гэлээ.

Эрээний хил хаагдсан, цаашид нөхцөл байдал хүндэрвэл барилгын материалын үнийн өсөлтийг хэрхэн тооцох талаарх сэтгүүлчийн асуултад тэрбээр “Энэ онд барилгын материал ихээхэн өслөө. Хагас жилийн үнэн өсөлтийг 1.45 гэж гаргасан. Энэ оны үнийн өсөлтийг он гаргаад бодох ёстой. Барилгын хөгжлийн төв 360 обьектод хяналт тавихад төсөвт өртөг нь 200 орчим тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт гарсан. Улсын хэмжээнд 1100 барилга барьж байна. Энэ бүгдээс ирэх онд маш их үнийн өсөлт гарах юм байна. Сургууль цэцэрлэг барьж буй хувийн хэвшлийнхэн их хүнд байгаа тул зарим нь царцах эрсдэлтэй. Асуудал маш хүнд байгаа. Тэгэхээр үнийн өсөлтөөс бий болсон дутсан хөрөнгийг ирэх жилүүдэд шийдэхгүй бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилгууд царцах эрсдэлтэй байгаа" гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

гэгээн 2021-10-20 17:25:25-д бичсэн холбогдсон IP хаяг: 202.179.15.114
бүтээн байгуулалтын салбарт их л ажил хийгдэх нь