Л.Халтар: Монголоос очсон ачааг Ганцмод боомт дээр шилжүүлж ачина


2021-10-21 10:43:23

Зам, тээврийн салбарт 2021 онд хийхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан зам, барилгын бүтээн байгуулалтын ажил эс хүссэн ч төгсөх шатандаа ордог. Тийм учраас хамгийн түрүүнд энэ оны дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэл Засгийн газрын хөрөнгө оруулалт, олон улсын зээл тусламжаар баригдсан авто замын бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн. Мөн замын ажил амжилттай явагдаж байгаа. Нойтон цемент зуурахгүй угсралтын ажлуудаар үргэлжлээд хийгдэнэ.

Олон улсад ч тээвэр логистикийн асуудал хүндрэлтэй байгаа. Боомтууд түр саатах, хуурай боомтууд дээр үүссэн нөхцөл байдлын их бий. Үүнээс уялдан Монгол Улсын ачаа тээвэрт голлох үүрэг үзүүлдэг Тяньжин, Эрээн, Замын-Үүд боомтууд дээр түр саатал гараад байна. “Гашуунсухайт” боомт бол нүүрсний гол гарц тиймээс чингэлгээр нүүрс тээвэрлэх ажлын зохион байгуулсан. Сүүлийн өдрүүдэд урд хөрш нүүрс татан авах хандлага нэмэгдэх төлөвтэй байна. Мөн Тавантолгой, Чойрын чиглэлд хийгдсэн нүүрс тээврийн асуудал бий. Энэ тал дээр олон хүн надтай уулзаж “мэдээлэл авъя” гэж ярьсан. Би бүгдэд нь мэдээлэл өгч байгаа. Малчид, тээвэрчдийн төлөөлөлтэй газар дээр нь уулзаж, ажиллаад ирсэн.

Бидэнд 31 байгууллага , 450 орчим жолооч Тавантолгой, Чойрын чиглэлд тээвэрлэлт хийж байгаа гэх мэдээлэл байна. Цаана нь 1250 хүний бүртгэл байна гэсэн мэдээллийг ирүүлээд байна. Бид энэ чиглэлд ачаа тээврийг 2022 оны гуравдугаар сарын 31 хүртэл явуулахаар шийдвэр гаргалаа. Энэ бол Гашуунсухайд боомт дээрх халдвар хамгаалалтын дэглэмээс болоод Хятад руу хийх нүүрс тээвэрлэлтийн гаралт муу байгаатай холбоотой.

Гашуунсухайт-Ганцмод хоорондын төмөр замын холболт дээр хоёр асуудал бий. Нэгдүгээрт, Хил холболтын цэг хаагуур байх вэ? гэх асуудал. Тиймээс БНХАУ-ын талтай тохирох хамгийн эхний асуудал бол аль баганы хэд дэх километрийн хэд дэх метр дээр төмөр зам ирж уулзах вэ гэдгийг тохирох ёстой. Энэ дээр өмнө нь бага зэрэг цаг алдсан. Гэхдээ аравдугаар сарын 11-нд Тавантолгой төмөр зам хятадын компанитай гурав дахь уулзалт дээрээ хил холболтын цэгээ тохироод протоколоо зурчихсан. Өөрөөр хэлбэл хоёр тал хил холболтын компаниуд хилийн цэгээ тохирсон тул хоёр талын Гадаад харилцааны яамаар дамжуулан албажуулах ажил хийгдэнэ.

Хоёрдугаарт, Тавантолгойгоос очиж байгаа нүүрсийг Монголын тал дээр хятад галт тэргэнд шилжүүлж ачих уу, эсвэл Ганцмод буюу Хятадын тал дээр монгол галт тэргээс хятад галт тэргэнд шилжүүлж ачих уу гэдгийг шийднэ. Олон улсын ачаа харилцааны хэлэлцээрт зааснаар ачааг хүлээж авч байгаа тал нь шилжүүлж ачдаг. Тэр утгаараа Монголоос очсон ачааг Ганцмод боомт дээр шилжүүлж ачина гэсэн үг. Хаана шилжүүлэн ачилт хийхийг шийдсэний дараа бүтээн байгуулалтын ажил эхэлнэ" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү