Ц.Мөнхбаатар: Ачаа тээврийн үнэ 2.5-3 сая төгрөг буюу хуучин үнэ рүүгээ илүү ойртсон


2022-01-21 11:50:41

Зам, тээврийн хөгжлийн яам болон Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг холбогдох байгууллагууд хамтран долоо хоногийн Мягмар, Баасан гарагт хилийн боомтуудын нөхцөл байдлын талаар танилцуулж байгаа билээ.

Энэ хүрээнд ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга  "Эрээн-Замын-Үүдийн авто замын боомт нээгдээд 10 хонож байна. Энэ хугацаанд 418 тээврийн хэрэгслээр 549 чингэлэгт ачааг улсын хилээр нэвтрүүллээ. Эрээн-Замын-Үүд боомтын үйл ажиллагаа зүгширч, ерөнхийдөө хэвийн байдалдаа орох хандлагатай болсон” гэлээ.

Ачааны авто машины хувьд 2021 оны мөн үеэс 248-аар бага орж иржээ. Автомашин, сэлбэг хэрэгсэл гээд бүх төрлийн бараа материал орж ирж байгаа. Хилийн цаана гацсан 900 орчим чингэлэг ачааг ойрын 10 хоногийн хугацаанд татна гэж холбогдох албаны хүмүүс мэдээлэв.

Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар “Ажлын хэсэг өдөр бүр хуралдаж, үүрэг, чиглэл өгч байна. Замын-Үүдэд байгаа олон мянган жолооч хэрхэн ажиллах талаар асуудаг. Жолооч нар дундын тээвэрлэлтэд хүндэтгэлтэй хандахаа илэрхийлсэн. Жолооч нар ачаа барааг Замын-Үүдээс хот руу тээвэрлэх ажилд оролцох боломжтой. Евро Ази руу тээвэрлэлт хийх боломжийг эрэлхийлж ажиллахыг Шадар сайд холбогдох газруудад даалгасан.

Шадар сайдын зүгээс тээврийн үнийг тодорхой хэмжээгээр бууруулах бодлого баримталж байгаа. Чингэлэгийн тоог нэмэх саналыг байнга тавьж байгаа. Анх ярьж байсныг бодвол нэмэгдэж байгаа. Цаашид аль болох нэмэгдүүлнэ.

Үнийн хувьд 2.5-3 сая төгрөг буюу хуучин үнэ рүүгээ илүү ойртсон нөхцөл байдал үүссэн” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү