Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөр Самурай бондын өрийг урьдчилан төлнө


2022-05-11 15:45:08

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж,  Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт болон 2023 онд хугацаа нь дуусах Самурай бондын талаар авах арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.

“2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны өдрийн хооронд Хөгжлийн банкны зээлээс 201 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. Мөн “Кью Эс Си” компани 60 тэрбум төгрөгийн зээл нэмж төлөхөө мэдэгдсэн. Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс 2023 оны арванхоёрдугаар сард төлөгдөх ёстой Самурай бондыг хугацаанаас нь өмнө төлнө” гэж Сангийн сайд мэдээллээ. Мөн энэ 2022 онд Хөгжлийн  банкны чанаргүй зээлийн 50 хувийг төлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэлээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс төвлөрч буй эх үүсвэрээр Самурай бондын өрийг урьдчилан төлөх, зах зээл дээрээс буцаан худалдан авч өрийг бууруулах асуудлыг дэмжиж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгав.

Дээрх шийдвэртэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан “Хөгжлийн банкинд энэ жил бид 800 тэрбум төгрөгийг заавал төлүүлэх ёстой. 800 тэрбумыг эргэн төлүүлж байж тус банк энэ жилийнхээ балансыг амжилттай барина гэсэн үг.

Энэ оны арванхоёрдугаар сарын 31-н гэхэд бид Хөгжлийн банкны чанаргүй зээлийг эргэн төлүүлэхэд анхаарч, үр дүн гаргаад тэр алдагдлын санг буцааж буулгах төлөвлөгөөтэй ажиллана.

Зургаадугаар сарын 30-н гэхэд дээрх 800 тэрбумын талыг нь төлсөн байх шаардлагатай. Учир нь тус банкны хагас жилийн тайланд нь аудит оруулна. Тэгэхэд тодорхой хэмжээний үр дүн гарсан байх ёстой бөгөөд энэ жилийн төлөвлөгөөнийхөө ядаж 50 хувь буюу 400 гаруй тэрбум төгрөгийг төлүүлсэн байх ёстой.

Өөрөөр хэлбэл, одоогийн 260 орчим төгрөг дээр нэмж 150 тэрбум орчим төгрөгийн чанаргүй зээлийг төлүүлэх арга хэмжээг ойрын хугацаанд яаралтай авч ажиллана.

Түүнээс гадна Монголбанкнаас Хөгжлийн банкинд 2020, 2021 онд хийсэн шалгалтуудаар нийт 1.5 их наяд төгрөгийн болзошгүй алдагдлын санг баланс дотор нь байгуулах агт тогтоосон байдаг. Гэсэн ч өнөөдрийг хүртэл үүнийг балансад оруулаагүй явж ирснийг залруулна" гэв.

Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Одоогоор Самурай бондын эргэн төлөлтийн гуравны нэгийг Монголбанкан дахь тусгай дансанд байршуулаад байна. Мөн Самурай бонд эзэмшигч нартай хэлэлцээрийг эхлүүлсэн бөгөөд цааш зах зээлийн ханшаараа буцаан худалдан авах хэлцлүүдийг хийнэ.

Харин Чингис Хаан банкны хувьд, Хөгжлийн банкнаас хадгаламж байршуулсан гэрээ байдаг. Хөгжлийн банкны зүгээс сүүлд нь нэмэлт барьцааны гэрээ хийж, зарим үл хөдлөх хөрөнгийн шаардах эрхийг Хөгжлийн банк авсан байдаг. Бид хууль, хяналтын байгууллагатай хамтран тус банк дээр үүссэн төлбөрийг эргэн төлүүлэх дээр ажиллагаагаа үргэлжлүүлж явна.

Хөгжлийн Банкны зээлийн багцуудыг төрийн өмчит компаниудынх, Хөтөл, Кью Эс Си болон хувийн хэвшлүүдийнх гэж гурав хувааж үзэж байгаа бөгөөд бүх талуудтай гэрээ хэлцэл хийж байна.

Зээлээ зориулалтаар нь ашиглаад, төсөл нь хэрэгжиж байсан ч цар тахал зэрэг зах зээлийн янз бүрийн шалтгаанаар төсөл нь саатсан зарим хувийн хэвшлийн компаниудад аль болох уян хатан хандаж байна.

Зээлийн эргэн төлөлттэй холбоотой олон саналууд гарч буй. Мэдээж дараагийн хэлцэлд орж гэрээг шинэчлэхийн тулд банкны зүгээс магадлан шинжилгээ хийх ёстой байдаг. Тиймээс бид зарим төслүүд дээр нэмэлт магадлан шинжилгээ хийхэд нөхцөл байдал өөрчлөгдөөд шинээр баримтууд гарч ирж байгаа. Энэ нь цаг авахаар байна" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү