Хөрөнгө оруулагчдыг дуудсан, эрх зүйн орчныг шаардсан уул уурхайн чуулган


2022-09-27 13:02:30

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан "Монголын уул уурхайн 7 хоног" чуулган анх удаа амжилттай зохион байгуулагдлаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Оюу толгой компани хамтран зохион тус арга хэмжээнд долоо хоногийн турш уул уурхайн салбарынхан хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр салбарын хөгжил, төрийн бодлого, тулгамдаж байгаа асуудал, шинэ шийдэл, технологи, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, орон нутгийн оролцоотой уулзаж, ярилцаж, мэтгэлцэж, суралцсан чуулган болж өндөрлөв.

Уул уурхайн салбар Монгол Улсад ямар өгөөж өгч буйг цөөн хэдэн тоогоор илэрхийлбэл энэ оны эхний хагас жилийн байдлаар уул уурхайн салбар нь ДНБ-ий 24 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 67 хувь, экспортын орлогын 94 хувь, улсын төсвийн орлогын 23 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 64 хувийг тус тус бүрдүүлж байна.

Дотооддоо эрх зүйн орчин бүрэн бүрэлдээгүй, нийгмийн лиценз гэгддэг уул уурхайн талаарх олон нийтийн эсэргүүцэлтэй, гадаад орчинд цар тахал, дайн зэрэг геополитикийн томоохон бэрхшээлтэй энэ цаг үед Монгол Улс эдийн засгаа сэргээх, гол салбар уул уурхайгаа дэлхийд дахин таниулах, хөрөнгө оруулагчдыг уриалан дуудах том амбицтай арга хэмжээ бол яалт ч үгүй энэ том чуулган байв.

Эхний өдөр: Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаална

Чуулганы эхний өдөр уул уурхайн салбарын 100 жилийн хугацаанд ололт амжилт юу байв, алдаа оноогоо хэрхэн дэнсэлж байгааг төр, хувийн хэвшлийн хүрээнд хэлэлцсэн юм.

A person standing at a podium

Description automatically generated with medium confidence

Чуулганыг нээж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ “Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд төрийн оновчтой зохицуулалт, орон нутгийн засаг захиргааны зохистой оролцооны түвшин дутагдаж байна. Нэг ёсондоо төр нэг гараараа зөвшөөрөл өгчхөөд нөгөө гараараа хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлээ дарамталдаг байдалтай байна. Иймд уул уурхайн салбарын эрх зүйн орчныг дэлхий нийтийн шинэ хандлага, ногоон хөгжил, хариуцлагатай, ил тод засаглалын шаардлагад нийцүүлэн сайжруулах, орон нутгийн иргэд болон ирээдүй хойч үеийнхэнд ирэх хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш боломж, баялгийн шударга хуваарилалтыг бий болгоход анхаарах шаардлагатай байна. Монгол Улсын Засгийн газар уул уурхайг хөгжүүлэхийн тулд  шаардлагатай дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, экспортын боомт гарцуудыг нэмэх, хүчин чадлыг сайжруулах үйл ажиллагааг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд идэвхтэй үргэлжлүүлнэ” гэсэн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олборлолтоос боловсруулалт руу шилжиж мега төслийг санхүүжүүлэх, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг тэгш шударга хүртээж олон тулгуурт эдийн засгийг дэмжих зорилгоор Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлдээд байна. Цаашид бид хариуцлагатай уул уурхайг дэмжиж, хуулийн эрх зүйн хүрээнд дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаална. Хувийн хэвшилд боломж олгож, итгэлийг нь олж, хариуцлагыг үүрүүлэн хамтран ажиллана” гэсэн нь энэ салбарт төр засгийн бодлого ээлтэй болсон цаг үе гэдгийн илрэл гэж дүгнэж болохоор байв.

Гагцхүү дэлхий нийтийн эрдсийн эрэлт хэрэгцээг хангахад хөл нийлүүлж явах гол хүчин зүйл нь Монгол Улсын боомтуудын нэвтрүүлэх чадвар юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын сэргэлтийн ажил ихээхэн урагштай явж байгааг Эдийн засаг, хөгжлийн яамны Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газрын дарга Х.Эрдэнэбулган чуулганд оролцогчдод танилцуулсан юм.

Тэгвэл олон улсад уул уурхайн хөгжил ямар байгаа, манай улс аль түвшинд яваа, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай бодлогын талаар Монголын уул уурхайн ассоциаци Г.Эрдэнэтуяагийн тавьсан “Уул уурхайн салбарын эдийн засаг, нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл” илтгэлээс сонсож болохоор байв. Энэ талаар Г.Эрдэнэтуяа “Бид өнөөдөр гадаад зах зээл дээр хаана байгаагаа анхаарч харах ёстой. Дайнтай холбоотойгоор эрчим хүчний нүүрсний хэрэглээ, үнийн өсөлт ойрын жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Энэ хугацааг бид ашиглаад экспортын хувь хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай. Үүний тулд шаардлагатай тээвэр ложистик, АМНАТ болон жишиг үнийн асуудалд анхаарал хандуулах ёстой. Зэсийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн гаргах тал дээр цаашид нэлээд анхаарах ёстой” гэлээ.

Чуулганы хоёрдугаар хагаст “Уул уурхайн салбарын бодлого” сэдвээр панел хэлэлцүүлгийг өрнүүлж, хайгуул багасаж, дэд бүтэц хоцрогдож, хөрөнгө оруулалт буурч байгааг шийдвэрлэхэд тодорхой алхам хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж байлаа. Саудын Араб гэхэд критикал минерал олборлож байгаа аж ахуйн нэгжүүдийг эхний таван жилийн АМНАТ-аас чөлөөлсөн. Яг энэ алхмыг Чили хэрэгжүүлж байгаа аж. Манай улсын хувьд ч өмнө нь ийм шийдлийг ажил хэрэг болгож, үр дүн авчирч байсан. Одоо ч энэ шийдэл хэрэгтэй байгааг талууд онцолж байв. Чуулганы бага танхимд “Нэн тэргүүнд аюулгүй байдал” сэдвээр уул уурхайн салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангах талаар Рио Тинто компанийн аюулгүй ажиллагааны төлөвшлийн загвар дээр хэлэлцүүлснээр эхний өдрийн чуулган өндөрлөв.

Хоёр дахь өдөр: Хууль эрх зүйн орчныг өөрчилж байж хөрөнгө оруулалт ярина

A group of people on a stage

Description automatically generated with medium confidence

Чуулганы хоёр дахь өдөр Олон улсын хөрөнгө оруулалт чуулган, “Хариуцлагатай уул уурхай ба орон нутаг” сэдэвт бага хурал, уул уурхайн нөхөн сэргээлт ба хаалт сэдвээр үргэлжилсэн юм. Олон улсаас хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчин бүрдүүлэх нь нэг цаг үеийн хамгийн чухал сэдэв болж байгаа. Хөрөнгө оруулагчидтай холбоотой хар түүх өнгөрсөн хугацаанд бидэнд бий.

Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Цонхоо өөрсдөө хаачхаад гаднын хөрөнгө оруулагчид яагаад гараад явчхав гэсэн марзан асуултыг арван жилийн турш өөрсдөөсөө асуулаа. Сүүлийн арван жилд нийт хөрөнгө оруулалтын 73 хувь нь уул уурхайд орж ирсэн. Гэтэл хамгийн хатуу хандаж яваа салбар маань уул уурхай. Гаднын хөрөнгө оруулалтыг татахгүй бол уул уурхай байхгүй, уул уурхай үгүй бол эдийн засаг гэж байхгүй. Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалж чадаж байгаа эсэх дээр судалгаа хийж үзлээ. Маш муу дүгнэлт гарсан. Өнөөдрийг хүртэл гаднын хөрөнгө оруулалтыг дэмжсэн агентлаггүй явж ирсэн улс л даа бид. Гадаадын хөрөнгө оруулалтаа дэмжих, хамгаалах ёстой гэдэг ч орж ирэхийг нь таслах зогсоох арга хэмжээ авдаг. Гадаадын хөрөнгө оруулалтын салбарыг өргөжүүлэх хэрэгтэй. Хөдөө аж ахуйд гэхэд хөрөнгө оруулалт бараг алга. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр сурталчилгаа алга. Бид холбооны улс биш. Гэтэл Ерөнхий сайдын дэмжсэн төсөл дээр сум, орон нутгийн түвшинд эсэргүүцэл өрнүүлдэг. АМНАТ гэж айхавтар асуудал байна. Одоо хэрэгжиж буй хуулийг нь зайлшгүй хүчингүй болгох ёстой. Тэгж байж үйлдвэрлэл, гадаадын хөрөнгө оруулалт ярина” гэсэн билээ. Үнэхээр ч өнөөдрийн хөрөнгө оруулалтын нөхцөл байдал энэ мөнөөсөө мөн.

Гурав дахь өдөр: Дэлхий нийт далд уурхайн хөгжилд аюулгүй ажиллагааг чухалчилж байна

Монгол Улсын эдийн засгийн хөгжилд том хувь нэмэртэй уул уурхайн салбараар анх удаа монголчууд 7 хоног амьсгалах болсон цаад зорилго бол хөрөнгө оруулалтыг татаад зогсохгүй уул уурхайн салбарын талаарх олон нийтийн хандлага, мэдлэг, мэдээллийг шинэ түвшинд ахиулах явдал гэдгийг зохион байгуулагчид онцолж байсан билээ. Тэр ч үүднээс чуулганы явцад өргөн хүрээг хамарсан сэдвүүдээр төр, хувийн хэвшлийнхэн асуудлаа ярилцаж байв. Чуулганы гурав дахь өдөр “Далд уурхайн симпозиум”, “Аж үйлдвэржилт”, “Үүсмэл ордын ашиглалт”, “Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжил” сэдвүүдийг хөндсөн.

Далд уурхайн бүтээн байгуулалтын түүх гэж яривал Налайхын уурхайгаас эхэлнэ. Тэртээ 100 жилийн өмнө үндэс сууриа тавьсан энэ том салбар өнөөдөр өргөжин тэлсээр төрийн болон хувийн хэвшлийн компаниуд дэлхийн хамгийн сүүлийн үеийн техник, технологийг ашиглан далд уурхайн бүтээн байгуулалтыг өрнүүлж, олборлолтыг хийж байгаа явдал юм. Үүний нэг бол Оюу толгойн далд уурхай бөгөөд эдүгээ 1300 метрийн гүнд дэлхийн шинэ техник технологийг ашиглан олборлолт хийж эхэлснийг УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ онцлов.

Далд уурхайн салбар манайд өргөжиж байгаагийн нэг илэрхийлэл бол УУХҮЯ-ны дэргэд Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн явдал. Харин далд уурхайн бүтээн байгуулалт, олборлолтыг гардан хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд аюулгүй байдал нэгдүгээрт тавигддаг юм байна. Дэлхий нийт ч энэ чиглэлд голлон анхаарч, аюулгүй ажиллагааны шинэ техник, технологийг нэвтрүүлж, дижитал хэлбэрт шилжүүлэх зорилгыг тавьж байгааг Оюу толгойн Гүний уурхай хариуцсан захирал Жак Ван Тондерын илтгэлээс тодорхойлж болохоор байв.

Харин далд уурхайн хөгжлийн чиг хандлага хаашаа чиглэж байгааг тандах, түүнийг түүчээлэх зорилго томоохон компаниудын дунд нэг төрлийн сорилт, өрсөлдөөн гэж болохоор аж. Нөгөө талаар уул уурхайн салбарынханд дэлхийн өнцөг булан бүрд бэрхшээл хүндрэл тулгарсаар байдаг. Түүнийг аль аль талдаа хохиролгүйгээр даван туулах алхам компаниудын хувьд байнгын асуудал байсаар ирсэн. Рио Тинто ч энэ чиглэлд голлон анхаардгийг тус группийн Техникийн группийн захирал Крейг Стегман илтгэлдээ дурдсан юм.

Далд уурхайд шинэ техник технологи нэвтрүүлж, хүний хүчин зүйлийг багасгах зорилтууд цаг хором бүр өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг юм байна. Ялангуяа газрын гүнд ажиллаж байгаа ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа энэ өдрийн симпозиумын бас нэг гол сэдэв болж байв. Уурхайн ажилчин эрүүл, аюулгүй орчинд ажиллах гол үндэс бол цаашид уурхайн үйл ажиллагаа автоматжих явдал гэж байна.

Хурлын явцад “Оюу толгой дэлхийд өрсөлдөх далд уурхайг цогцлоох нь” сэдвээр Оюу толгойн Техникийн болон нэгдсэн төлөвлөлт хариуцсан ерөнхий менежер Т.Отгонбаяр танилцуулсан бол тус уурхайн “Панел 0” хэсэг дээр олборлолтыг хэрхэн эхлүүлсэн талаар Гүний уурхайн техникийн үйлчилгээ хариуцсан менежер Э.Баттулга мэдээлэл өгсөн юм. Э.Баттулга менежерийн онцолсноор Оюу толгой орд газар бол бүлэг ордоос бүрддэг. Бүлэг орд дундаа Хюго дамметт ордын Хойд хюго хэсэгт “Давхарга 1” буюу газрын гадаргаас 1300 метрийн гүний түвшинд олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа. Эхний хэсэг болох “Панел 0” нь 320 метрийн өргөнтэй, 360 метрийн урттай. Энэ хэсэгт 120 хүдэр олборлох юүлүүрийн ажил төлөвлөгдөн хийгдэж байгаа аж. Гүний уурхайн нийт ажилчдын 94 хувь монголчууд байгаа бөгөөд энэ тоо нь өнгөрсөн оны энэ үеэс гурван хувиар ахисан үзүүлэлт гэнэ. Нийт монгол ажилчдын 21 хувийг Өмнөговь аймгийн иргэд бүрдүүлдэг аж. Энэ тоо нь өмнөхөөс нэмэгдэж байгаа гэнэ.

Далд уурхайн симпозиумын эхэнд илтгэл хэлэлцүүлсэн зочид энэ салбарын хөгжил, тулгамдаж байгаа асуудлаар панел хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Оюу толгой компанийн хувьд манайдаа далд уурхайн шилдэг төсөл бөгөөд бусад уул уурхайн төслүүд, компаниудад туршлага судлах том талбар болж байгааг онцолж байлаа. Үүний нэг бол Монголросцветмет компани байв. Тус компанийн хувьд далд уурхайн бүтээн байгуулалтад шилжсэн бөгөөд өөрсдийн боловсон хүчин дээр суурилан төслөө хэрэгжүүлж байгааг ерөнхий менежер П.Машбат ярьсан юм. Шинэ техник технологийн хувьд зардал санхүүжилт өндөртэй учраас хуучин уламжлалт технологи дээр ажилладаг гэж байна. Харин аюулгүй ажиллагааны хувьд Оюу толгой компаниас туршлага судлах, хамтын ажиллагааг эхлүүлээд байгааг тэрээр онцолсон.

Энэ өдөр хөндсөн дараагийн нэг сэдэв бол үүсмэл ордын ашиглалтын асуудал байв. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар Монгол улсын экспортолсон  зэсийн 80 хувийг ашиглагдахгүй үлдсэн овоолгоос гаргаж авсан катодын зэс эзэлж байна. Тиймээс цаашид үүсмэл ордыг олноор бий болгож, зэс гэлтгүй алт, жонш, уран дээр ч ашиглах боломжтой гэж мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. Энэ тухай Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан “25 хувийн агуулгатай зэсийн баяжмалыг экспортоллоо гэхэд үнэ өртөг талаас нь 1000 кг зэсийн баяжмалыг 2000 ам.доллароор зарна. Хэрэв цэвэр зэс үйлдвэрлэвэл дөрөв дахин их буюу 8000 ам.доллароор зарна. Магадгүй зэсийг өөр бүтээгдэхүүн болгоод зэс утас, нунтаг болговол 10000 ам.доллароор худалдана. Тээвэрлэхэд хүртэл амар. Нэг газраар хамааралгүй олон хүнд зарна, ажлын байр бий болно. Дараа нь цэвэр зэс, утас, нунтгийг ашиглаад дараагийн боловсруулалтын шат хөгжих юм” гэсэн билээ.

Дөрөв дэх өдөр: "Оюу толгой"-д ханган нийлүүлэгч болохыг хүсвэл "Оюу мэдээллийн сан"-д хандана

A person standing on a stage

Description automatically generated with medium confidence

Хариуцлагатай уул уурхайн олон улсын сайн жишгийг Монгол Улсад тогтоож чадсан "Оюу толгой" компанид үндэсний болон гадаадын 1700 аж ахуй нэгж бараа бүтээгдэхүүнээр ханган нийлүүлдэг. "Монголын уул уурхайн 7 хоног" чуулганы дөрөв дэх өдрөөс "Оюу толгой" компанийн ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэн дэлгэгдсэн юм.

A group of people at an event

Description automatically generated with medium confidence

Үзэсгэлэнд салбар бүрийн 100 орчим компани бараа бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилж, 1200 орчим аж ахуйн нэгжийн төлөөллүүд, уул уурхайн бусад компанийнхан оролцсон. Тэд олон улсад сайн жишиг болсон "Оюу толгой" компани ямар бараа материал, техник технологи ашигладаг туршлагаас суралцаж, ханган нийлүүлэгчидтэй холбоо харилцаа тогтоож байв. Мөн үйлдвэр эрхлэгчид "Оюу толгой" компанитай ямар бараа бүтээгдэхүүн нийлүүлж хамтран ажиллах боломжийг ч эрэлхийлж байлаа. Энэ талаар "Оюу толгой" компанийн Ханган нийлүүлэлт, худалдан авах ажиллагаа, стратегийн бодлогын газрын дарга Г.Батбаатар "Бид ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэнг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулж байна. Манайд одоогоор 800 орчим аж ахуйн нэгж бараа материалаа нийлүүлж байгаагаас 600 нь дотоодын үйлдвэрүүд. Энэ удаагийн үзэсгэлэнд оролцохоор 2000 орчим аж ахуйн нэгж бүртгүүлээд байна. Бид энэ өдрүүдэд ханган нийлүүлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулахаас гадна найман төрлийн сургалтыг зохион байгуулж байна. Тодруулбал, "Оюу толгой" компанитай яаж хамтран ажиллах вэ, бизнес ёс зүй гэж юу вэ, аюулгүй ажиллагааг яагаад чухалчилдаг вэ гэх мэтээр сургалт хийж байна. Манайхтай хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд "Оюу мэдээллийн сан"-гаар мэдээллээ ирүүлэх боломжтой" гэсэн юм.

A picture containing text, person, person, suit

Description automatically generated

"Оюу толгой" компанийн хувьд 2011 оноос дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжин, ханган нийлүүлэгчээр сонгон ажиллаж эхэлсэн түүхтэй. Тэр үеэс эхэлсэн ханган нийлүүлэлтийн сүлжээ өргөжсөөр дэлхийн хэмжээний тус төсөлд зарцуулж байгаа 10 төгрөг тутмын 9 нь Монголд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд шингэдэг болжээ. Цаашид дотоодын аж ахуйн нэгжүүдийг олноор татан оролцуулах, гадаадаас татан авдаг зарим бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжтойг Г.Батбаатар захирал онцолж байв.

"Оюу толгой" компанийн ханган нийлүүлэгчдийн дундаас онцлог нэгэн компани бол “Мехлопат” компани юм. Тус компани 2011 оноос "Оюу толгой"-д бэхэлгээ болон ил уурхайн түргэн элэгдэх эд ангийг нийлүүлж иржээ. “Мехлопат” компанийн ерөнхий менежер Н.Энхчимэг энэ талаар “Бидний  хамтын ажиллагаа эхэлж байхад манай компани ил уурхайн экскаваторын өтгөн тос, шанагыг хөдөлгөх гол тосыг нийлүүлж байлаа. Хамтын ажиллагаа өргөжсөөр өнөөдөр бид далд уурхайн бэхэлгээний эд ангийг нийлүүлдэг болсон. Газрын дор байнгын хөдөлгөөнтэй байх учир туннел үүсгэдэг. Туннелыг нуралт үүсгэхгүй байхын тулд бэхэлгээ хийх ёстой. Туннелын бэхэлгээнд боолт болон бэхэлгээний торон төмөр гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн шаардагддаг. Энгийнээр хэлэхэд, хана өрөмдөөд тусгаарлах цагаан зүйл хийгээд боолтоо боодог шүү дээ. Яг түүний хамгийн том хувилбар гэсэн үг. Гэхдээ мэдээж бидний өдөр тутмын амьдралд хэрэглэдэг жижиг боолт биш шүү дээ. Жишээ нь, далд уурхайн бэхэлгээний боолт гэхэд 3 метр урттай. Боолт нь дотроо олон төрөл. Кабел боолтоор бэхэлгээ хийж байна гэж үзвэл 18, 21 метр урттай байх жишээтэй. "Оюу толгой" бол аюулгүй ажиллагааг номер нэгт тавьдаг. Тэг осол байх ёстой гэдэг үнэт зүйлтэй, дэлхийн хэмжээний компани шүү дээ. Угаас аюулгүй ажиллагаа гэдэг яалт ч үгүй далд уурхайн бэхэлгээнээс хамаардаг. Бид зөвхөн бэхэлгээг хариуцаад зогсохгүй далд уурхайн хорогдох байрыг хариуцдаг. Эдгээр чухал ажлыг давхар хариуцаж, сервис үйлчилгээгээр ханган ажиллаж байна” хэмээн онцолсон.

Тав дахь өдөр: Уул уурхайг ногооруулахын тулд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмье

A group of people sitting on chairsDescription automatically generated with low confidence

Энэ өдөр "Уул уурхай ба ногоон хөгжил” сэдвийг онцолж, талуудын өргөн оролцоотой ярилцлаа. Эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн салбараас үүдэлтэй нөхөн сэргээлтийн асуудал манайд нэгдүгээрт тавигдаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хурлын эхэнд онцлов. Одоогоор манайд уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчид байгаль орчны нөхөн сэргээлт хийхгүйгээр орхисон 8000 орчим га талбай тоологдсон бол улсын хэмжээнд 30.000 га талбай эвдэрсэн гэсэн судалгаа гарсан аж.

Нүүрсхүчлийн хийн ялгарлыг хамгийн ихээр үүсгэдэг хүчин зүйл бол нүүрс. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг нь мөн л нүүрс. Тиймээс нүүрсний  компаниудад ногоон хөгжлийн асуудал тулгамдсан, үр дүн шаардах сэдэв болсон гэсэн үг. Үүнийг ч "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал Б.Ганхуяг онцгойлон дурдаж, нүүрсхүчлийн хийг бууруулахад чиглэн хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хөтөлбөрийнхөө талаар зочид, төлөөлөгчдөд танилцуулсан юм. Тус компани 2025 оноос 500 мВт-ын хүчин чадалтай хийн цахилгаан станц буюу метан хийгээр ажиллах станцыг ашиглалтад оруулахаар бэлдэж байгаа аж. Цаашлаад жил дараалан 1200 мВт хүртэл хүчин чадалтай станцуудыг ашиглалтад оруулж, нийт хэрэглэж байгаа цахилгаан эрчим хүчнийхээ 30-45 хувийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлнэ гэж мэдэгдэж байв.

Ийнхүү таван өдрийн турш уул уурхайн олон чиглэлээр асуудал хөндөж, шийдэл эрэлхийлсэн чуулганы төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж, Засгийн газрын бодлого, байр суурийг илэрхийлсэн юм. Тэрээр "Бид цар тахалтай, дэлхий дахин бас геополитикийн сөргөлдөөнтэй амаргүй цаг үеийн дараахан уул уурхайн салбарынхан ирэх 100 жилээ эхлүүлж байна. Тиймээс бид илүү ажил хэрэгч байх зайлшгүй шаардлагатай. Монгол Улс бол уул уурхайн орон. ДНБ-ий 25 хувь, Монгол Улсын экспортын 90 хувь өнөөдөр зөвхөн уул уурхайгаас бүрдэж байгаа. Төсвийн орлогын 30 орчим хувийг өнөөдөр уул уурхайн компаниуд бүрдүүлж, 4 төгрөг тутмын 1 нь, мөн гадаадад зарж байгаа 10 бараа тутмын 9 нь уул уурхайн бүтэгдэхүүн байна. Энэ ч агуулгаар Засгийн газраас зарлаж байгаа Шинэ сэргэлтийн бодлого бол товчхондоо уул уурхайн салбараа илүү дэмжих, эдийн засгийн бусад салбараа төрөлжүүлэн хөгжүүлэх зорилттой. Монгол Улс далайд гарцгүй. Тиймээс боомтуудаа дараагийн түвшинд гаргах ёстой. Ирэх жилд багтаагаад Монгол Улс анх удаа төмөр замын дөрвөн гарцтай болох том зорилтыг тавиад эхний төмөр замаа ашиглалтад оруулаад байна. Цаашлаад бүх боомтуудыг авто замаар холбоно. Энэ бол уул уурхайн салбарынханд өмнөх тээвэр логистикийн сул талыг нөхөх боломж юм. Гурван улсыг холбосон гурван том коридорыг байгуулах том хэлцэл рүү орж байна. Ингэснээр экспортын хүчин чадлыг 2-3 дахин нэмэх боломж гарч байгаа гэж үзэж болно.

A group of people sitting in chairsDescription automatically generated with medium confidence

Нэгхэн жилийн өмнө Монгол Улсын эдийн засаг -5.7 хувийн агшилттай, улсын төсөв 30 орчим хувиар тасарсан байсан бол өнөөдөр эдийн засаг 1.7-2 орчим хувийн өсөлттэй байна. 2023 оны төсвийг бүхэлдээ макро эдийн засгийн тэнцвэрийг хангах төсөв болгож өргөн барихаар бэлдэж байгаа. Инфляцын алдагдлыг нэг оронтой тоон дээр 2023 оны эцэст аваачна. Эдийн засгийн өсөлтийг 4-5 хувь болгоно. Энэ бүхэн бол хөрөнгө оруулагчдыг тогтвортой дэмжих, макро тэнцвэрийг хангах Засгийн газрын хувьд хамгийн чухал бодлого юм. Нийт уул уурхайн салбарынхандаа, хөрөнгө оруулагчдадаа Монгол Улсад тавтай морил” хэмээлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү