МҮОХ-ны хөрөнгө шамшигдуулалт-1 буюу ХЯНАЛТГҮЙ ХӨРӨНГӨ


2021-06-07 14:47:08

Монголын үндэсний олимпийн хорооны хөрөнгө гарын салаагаар урсаж, хяналтгүйгээр зарцуулагдаж байдгийг аудитын байгууллагын тайлангаас харж болно. Тиймдээ ч энэ байгууллагын удирдлагын суудал олон ч хүнд олзлогдож, арааны шүлс нь асгарч байдаг аж.

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох дуулиан дэгдэхтэй зэрэгцэн түүний албан тушаалыг хэн авах вэ гэх марафон өрнөв. Хорих ангид саатуулагдаж байсан Н.Түвшинбаяр наранд гармагцаа тамгаа аваад зугтсан гэх мэдээлэл цацагдсан нь ч шалтгаантай байж. Үнэндээ Н.Түвшинбаяр гэм буруутай эсэхийг шүүхийн байгууллага эцэслэхээс урьтаж, албан тушаалыг нь авах гэсэн санаархаж өрнөсөн бололтой. Түүний гарсан даруйд гэнэтийн хурал зарлагдаж, хаалганых нь цоожийг сольж, лацдан битүүмжилжээ.

Уг нь МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээж, албан тушаалаа ч өгөхөө мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, тэр тамгаа авч зугтаагүй гэнэ. Унасан дээр нь дэвсэлнэ гэгчээр МҮОХ-ны удирдлагууд үгсэж худал мэдээлэл цацсан тухай эх сурвалж мэдээлж байгаа юм. Товчхондоо, “Олон улсын Олимпын хороо (ОУОХ - IOC)-ноос Н.Түвшинбаярт хариуцлага тооц гэсэн албан бичиг хаяглаж байгаагүй гэнэ.

Харин дээрх аудитын дүгнэлттэй холбоотойгоор МҮОХ-ны удирдлагуудын хооронд үл ойлгоцол үүсч, зарим мэдээллийг нуун дарагдуулах гэсэн санаархал явагдсан байх магадлал өндөр байна.

Аудитын дүгнэлтэд МҮОХ-ны санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтын үр нөлөө алдагдаж төсөв хэтрэх, анхан шатны баримтгүй, төсөвт тусгагдаагүй зардал гарсан талаар тодотгосон байна. Тушаал шийдвэргүй, гэрээ хэлцэл, гүйцэтгэлийн тайлангүй, албан томилолтоор ажилласныг нотлох баримтгүй зэрэг анхан шатны баримтын бүрдлийг хангаагүй нийт 1.938.3 сая төгрөгийн гүйлгээ хийгджээ.

Мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ихэнх ажилчдын ээлжийн амралтын олговрыг тооцдоггүй, биеэр эдлүүлдэггүй зөрчил ч гарсан байна.

Засгийн газрын 2012 оны 128 дугаар тогтоолын дагуу тамирчдын хүч чадлыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй нэмэлт бүтээгдэхүүн авахад зориулж Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас 200 сая төгрөгийн санхүүжилт олгосон байх бөгөөд бүтээгдэхүүнийг орлого авч, зарцуулсан нотлох баримтгүй, төрөөс олгосон хөрөнгийн зарцуулалтыг тайлагнаагүй байх жишээтэй. Тодруулбал,

  • Уламжлалт анагаах ухаан, оюун санааны хөгжил санд 100 сая, Тамирчин нөхөн сэргээх  сувилал ХХК-д 19.8 сая төгрөгийг шилжүүлсэн
  • Нягтлан бодогч нь .... тоот дугаарын чекээр 60 болон 0.2 сая төгрөгийг бэлнээр авсан боловч кассын орлого аваагүй, зарцуулалт тодорхойгүй.

Тус холбоо

  • 33 сая төгрөгийн “Бөртэ-чоно” хөшөө
  •  14.5 сая төгрөгийн олимпийн таван цагариг
  •  37.5 мянган ам.доллар буюу 73.7 сая төгрөгийн олимпийн цогцолбор
  •  5.3 сая төгрөгийн камер  
  • 7.9 сая төгрөгийн халаалтын цогц төхөөрөмж зэрэг нийт 134.4 сая төгрөгийн хөрөнгийг орлого авч бүртгэлд тусгаагүй.
  • Мөн 189.3 сая төгрөгийн хувцас хэрэглэл, аж ахуйн материалыг орлого авч, зарцуулаагүй
  • 2012-2019 онуудад нийт 282.2 сая төгрөгийн бэлэн мөнгөний гүйлгээнд кассын тайлан гаргаагүй гээд дурьдаад байвал мундахгүй.

МҮОХ-ны зорилгын хүрээнд олимпизмыг түгээн дэлгэрүүлэх, олимпийн төрлийн спорт холбоодыг дэмжихэд чиг үүргээ хангалтгүй биелүүлж байгааг нь хөрөнгийн зарцуулалтаас нь тодхон.

МҮОХ бол хэн нэгэн өчүүхэн эрх ашигтай хүмүүсийн орогнодог, мөнгө угаадаг байгууллага биш. Энэ байгууллага бол Монголын тамирчдын амжилт, бүтээлийн архив, Монгол тамирчдын нэр хүндийн баталгаа болох газар. Гэвч сүүлийн үед МҮОХ-нд одоо ажиллаж байгаа зарим удирдлага, он удаан жил ажилласан зарим мэргэжилтнүүд болон түүний ойрын хамсаатнууд нь өөрсдийн халаасаараа нэгдэж, Монголын спортын хөгжлийг, монгол тамирчдын хөгжих боломжийг хулгайлж, хөрөнгийг нь завшсаар байгаа нь энэ.

Тэдгээр хүмүүс ОУОХ-ноос Монголын тамирчдыг хөгжихөд зориулж өгч байгаа төсөл, хөтөлбөрүүдийг өөрсдөд ашигтай байдлаар ашиглаж, тогтмол мөнгө угааж, өөрсдийн эрх ашгийн төлөө явж байгаа нь Монголын эмгэнэл болоод байна. Энэ тухай Үндэсний аудитын газрын дүгнэлтэд бий. МҮОХ-нд одоо ажиллаж байгаа зарим удирдлага, он удаан жил ажилласан мэргэжилтнүүд МҮОХ-ны нэрийг барьж, идэж уусан олон бусармаг үйлдэл нь хэдэн боть роман болохуйц байгаа юм.

Олон улсын байгууллагаас ирүүлсэн тэтгэлэг, дэмжлэг, туслалцааг зориулалтын дагуу зарцуулдаггүй, үр дүнг нь тооцдоггүйгээс гадна тамирчдын нэрийг барьж, босгосон хандив мөнгөний зарцуулалт хяналтгүй, удирдлагууд нь хэрхэн мөнгө шамшигдуулж, эрх мэдлээ хэтрүүлдэг, МҮОХ-ный нэр дээрх газрыг хэрхэн бантагнуулж байгаа талаар үргэлжлүүлэн мэдээллэх болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү